Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, ТББ болон Иргэний нийгмийн төв хамтран өнөөдөр, маргааш хоёр өдөр "Иргэний нийгмийн түншлэлийн өдөрлөг" ийг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр АХБ-ны төслүүдэд оролцох ИНБ-ын оролцоог нэмэгдүүлэх боломж, иргэний нийгэмд тулгарч буй гол сорилтууд, Засгийн газар, ИНБ-ын хамтын ажиллагааны шинэ боломжууд зэрэг сэдвээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо, АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин, АХБ-ны ТББ болон Иргэний нийгмийн төвийн дарга Хайди Шон Эар-Дупуй, “Бүх Нийт Боловсролын төлөө” үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг нар мэдээлэл өглөө.
“Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой өсөлт, хүртээмжтэй хөгжлийг цогцлооход чиглэсэн бидний үйл хэрэгт иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо нэн чухал. Өнөөдрийн арга хэмжээ нь АХБ-ны үйл ажиллагаанд иргэний нийгмийг татан оролцуулах шинэ, шинэлэг арга замыг эрэлхийлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх индэр болж байна" хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлэв.
Мөн зөвлөлдөх уулзалтуудыг тогтмол зохион байгуулах, өндөр түвшний уулзалтуудад ИНБ-ын төлөөллийг оролцуулах, чадавхи бэхжүүлэх арга хэмжээнүүд зохион байгуулах, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үе шатанд оролцуулах зэргээр ИНБ-уудтай хамтран ажиллаж байгаагаа танилцууллаа.
АХБ өөрийн дэмжлэгтэй Монгол Улсад хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”, “Улаанбаатар хотын үйлчилгээ, гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр”, “Эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”, “Гэр хорооллын тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл” зэрэг төслүүдийн хүрээнд нийт 100 гаруй ТББ-тай идэвхтэй хамтран ажиллаж байна. Хэлэлцүүгийн үеэр зарим төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.
“Танадан судлаачдын холбоо” ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэ: Монголын иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих харилцан түншлэх чиглэлээр АХБ-ыг бодит хувь нэмэр оруулж, сайн туршлагыг бий болгож буй донор гэж үздэг. 2021-2023 онд манай “Танадан судлаачдын холбоо” ТББ АХБ-наас зарласан нийт 2 сая долларын тендерт багаараа шалгарч энэ санхүүжилтийн 4/1-ыг Монголдоо авчирсан. ТББ-ын түншлэлийн сайн туршлага, жишээ болж өнөөдрийн хэлэлцүүлэг дээр дурдагдаж байгаад баяртай байна. Нийгмийн халамжаас хөдөлмөрт шилжих, иргэн иргэндээ нөлөөлж, иргэдээ соён гэгээрүүлэх, жижиг бизнесийг хөгжүүлэхэд иргэдийн түншлэл, хөрөнгө оруулагч иргэний нийгмийн түншлэл ямар өөрчлөлт авчирч, үр дүн гаргадгийг АХБ харуулж байна.
Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050” д иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах зорилт тавьсан. Хэрхэн хэрэгжиж байгаа бол?
Бодит үр дүн хийгээдээгүй, тунхаглалын чанартай байна гэж үзэж байна. Мэргэжлийн холбоо, иргэний нийгэм буюу ТББ гэдэг тэс хоёр өөр ойлголт. Нийгэмд гүйцэтгэх үүрэг, санхүүждэг арга механизм, газар тэнгэр шиг ялгаатай. Мэргэжлийн холбоо бол цэвэр ашгийн байгууллага. Засгийн газар Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ, МХАҮТ гээд зөвхөн мэргэжлийн холбоодтой зөвхөн гурвалсан гэрээ байгуулж ажиллаж ирсэн. Энэ онд батласан Мэргэжлийн холбооны тухай хуулиар ийм холбоодыг олноор бий болгож хамтран ажиллах гэж байна. Тэгвэл иргэний нийгэм, иргэний орон зай бол эдэнтэй адил ашгийн төлөө бус. Тийм учраас ТББ-ын тухай хуулийг өөрчлөхдөө ИНБ-тай төр хэрхэн хамтран ажиллах талаар сайтар тооцох ёстой. Иргэний нийгмийн салбарт 20 гаруй жил ажиллаж дуу хоолойгоо гаргаж явдаг төлөөллийнхөө хувьд Иргэний нийгмийн байгууллага дандаа сөрөг байр суурь баримталж шүүмжилдэггүй гэдгийг хэлье. Нийгэмд чимээгүй ахиц дэвшил, чимээгүй хувьсгал гарах өөрчлөлтийг иргэний нийгэм хийдэг. Тиймээс Засгийн газар, Ерөнхийлөгч зөв өнцгөөр нь харж иргэний нийгмийн институт, иргэний нийгмийн гүйцэтэх үүргийг бодитоор нь зөв ойлгож, эрх тэгш түншилж хамтран ажиллаасай л гэж хүсэж байна.
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал: Иргэд өөрсдийнхөө эрх, зөрчигдсөн эрх ашгаа хамгаалахын тулд ямар нэгэн дарамт саадгүйгээр эвлэлдэн нэгдэж дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэх тэр чөлөөт суваг бол Иргэний нийгмийн байгууллага. ИНБ-ын орон зай хумигдаж байгаа шүүмжлэл их гарч байна. Учир нь хууль бодлого шийдвэр боловсруулахаас эхлээд хянах үнэлэх хүртэлх бүх шатанд иргэд дуу хоолойгоо хүргэж байх ёстой. Энэ эрх чөлөө орон зай сүүлийн найман жилд хумигдмал болж байгаа. Шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ИНБ-ын түншлэлийг нэлээн тусгаж, иргэний орон зайг ил тод байлгах тал дээр санаачилга гаргаж байгаа юм байна. Түүнийг АХБ дэмжиж байгааг энэ үйл ажиллагаа харуулж байна. Тулгын гурван чулуу шиг хөгжлийн нэг түншлэгч нь иргэний нийгмийн байгууллага заавал байх ёстой. Үүнийг орхиод байгаа учраас төр хөрсөн дээрээ буухгүй шийдвэр гаргаад байна.
Тухайлбал агаарын бохирдлыг шийдэхийн тулд зуух тараахаас эхлээд ямар олон санаачилга, ямар их төсөв урсгалаа. Гэсэн ч агаарын бохирдол буурсангүй. Ингэж цаг аргацаасан үр дагаварт нь илүү анхаарсан, асуудлын суурь шалтгааныг орхисон тэр худал шийдлийг Засгийн газар их гаргалаа. Үүнийг болиулахад иргэдийн дуу хоолой, иргэний нийгмийн байгууллага хүчтэй байх ёстой. Гол суваг нь түншлэлийн бодлого.
Түншлэл гэхээр бид утга учиртай, үр дүнтэй оролцоог хүсэж байна. Зүгээр арга хэмжээ зохион байгуулж дүр үзүүлсэн оролцоо хэрэггүй. Аливаа бодлого, үйл ажиллагааг санаачлахаас нь эхлээд бүх л циклд тухайн эрх ашиг нь хөндөгдөж байгаа төлөөллийг оруулах, ТББ-ын дуу хоолойгоо хүргэх боломж гаргахыг шаардана.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Солонгоо: АХБ манай улсын чухал түншлэгч байгууллагын нэг. Хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр илүү чанартай үр дүнтэй байхад ИНБ-уудын оролцоо чухал. Энэ оролцоог хангахад өнөөдрийн хэлэлцүүлэг чухал гэж харж байна. Хэлэлцүүлгээр Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцууллаа. Засгийн газар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийг бэхжүүлэх төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх бодлого дэвшүүлсэн. Энэ бүх талууд нягт хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ гэлээ.