Яаралтай тусламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийн хүрээнд яаралтай тусламжийн тусгай дугаар болох 101, 105, 102, 103-ыг нэгтгэхээр ажиллаж буй гэнэ. Тусгай дугааруудыг зөвхөн 112 гэсэн дугаарт шилжүүлснээр олон улсын жишигт нийцүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах боломж бүрдэх аж. Эрүүл мэндийн сайд “Энэ бол их чухал асуудал. Ойрын хугацаанд шийдэх ёстой. Зохион байгуулалтыг нэлээд өөрчлөх шаардлага гарна. Олон улсад түргэн тусламж, онцгой байдал, цагдаа гурав нь нэг газраас ирдэг. Манайд энэ тогтолцоо одоогоор бүрдээгүй байна. Тухайлбал, орон нутагт зам, тээврийн осол гарлаа гэхэд төвөөс нэгдсэн байдлаар удирдлага, зохион байгуулалтаар хангаснаар богино хугацаанд яаралтай тусламж авах боломж бүрдэнэ. Ингэснээр төсвийн үргүй зардал гарахгүй” гэв.
Түүнчлэн дуудлага хүлээн авах үйл ажиллагаанд хиймэл оюун ухааны шийдлийг нэвтрүүлэх аж. Өөрөөр хэлбэл, дуудлага өгч буй иргэний хоолойны өнгөөр ялгах, яриаг текст рүү хөрвүүлэн онцлог үгийг нь таньж, холбогдох байгууллагад анхааруулах гэнэ. Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн технологийн тасгийн дарга Г.Баярдаваа “Яаралтай тусламжийн тусгай дугааруудыг ашиглахад хэд хэдэн хүндрэл, дутагдал гарч байна. Тухайлбал, “IPhone”, “Samsung” загварын зарим утаснаас тусгай дугаарт залгахад оператороосоо хамаараад “Таны залгасан дугаар ашиглалтад байхгүй байна” гэх хариу өгдөг. БНХАУ-д үйлдвэрлэсэн зарим гар утаснаас залгахад шууд тасрах, “Ондо” компанийн “E сим”-тэй хэрэглэгчид биет симтэй дугаараасаа залгахад автоматаар шилждэг зэрэг алдаа, дутагдал илэрсэн. Шинэчлэлийн хүрээнд дуудлага авах сувгийг төрөл бүрээр нэмэгдүүлж, камерын нэгдсэн системд холбогдож, орон нутгийн дуудлагыг тухай аймаг, сумуудын төвтэй холбох байдлаар зохицуулахаар төлөвлөсөн” гэв.
Ч.БОЛОР