Шүүх, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан этгээдийг хууль сахиулагчид саатуулах үед эсэргүүцэн автомашинаараа дайрч гэмтээсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрэн сурвалжилж байсан О.Бат-Эрдэнийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн алба хаагчид хаана байгааг нь тогтоон энэ сарын 12-ны 02.00 цагийн орчимд саатуулах үед мөрдөгч М, О, Ч нарыг “Тоёота приус-20” загварын автомашинаараа дайрч, зугтахыг оролдсон юм. Энэ үедээ ойролцоо байсан гурван ч тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан байдаг.
Цагдаагийн алба хаагчид тэр даруйдаа сэжигтэй этгээдийг баривчилсан бөгөөд үргэлжүүлэн эмнэлгийн тусламж авсан юм. Цагдаагийн ажилтнуудын биед хөнгөн гэмтэл учирсан аж. Эрэн сурвалжлагдаж байсан О.Бат-Эрдэнийн тухайд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүргийн Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байжээ. Өмнө нь Баянгол дүүргийн шүүхээс ял шийтгүүлж байсан нэгэн гэнэ. Түүнчлэн халаасны хулгайн маш олон удаагийн үйлдэлд холбогдуулан шалгаж буй аж. Түүнийг өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу цагдан хорьж, шалгаж байна.
Г.ОРЧЛОН