Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид хахууль өгөхийг завдсан БНХАУ-ын иргэнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллага энэ сарын 9-13-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлтийн 41 298, мөрдөн байцаалтын 2849 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн аж. Тэдгээрийн дунд хүрээлэн байгаа орчны эсрэг дөрөв, хүний амьд явах эрхийн эсрэг хоёр, авлига, албан тушаалын болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэг тус бүр нэг багтжээ.
Авлигын буюу хээл хахууль өгсөн хэрэгт Дорноговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. Өмнөд хөршийн иргэн Юү Чэн гэх эр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлснийг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч, ахлагч И зогсоон шалгасан байна. Улмаар Цагдаагийн газрынхаа байранд дагуулан аваачиж зөрчлийг нь баримтжуулан шийдвэрлэх гэж байх үед 100 000 төгрөг өгөх гэж оролдсон гэнэ. Энэ үед цагдаагийн зохицуулагч И нөлөөллийн мэдүүлэг хөтлөн холбогдох дээд удирдлагадаа танилцуулснаар тухайн үйлдлийг АТГ-т шилжүүлэн шалгуулах болжээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн түүнийг шалгаж дуусаад Дорноговь аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн юм байна. Харин хүний амьд явахын эсрэг хоёр хэргийн нэг нь Баянгол дүүрэгт гарсан юм. Иргэн Б.П-д хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж, нярай хүүхдээ хаясан хэрэгт нь Эрүүгийн хуулийн 16.3-1-ийн хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.