3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насныхны ДАШТ манай улсад боллоо. Тив бүрээ төлөөлсөн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шилдэг 40 баг Сүхбаатарын талбайд таван өдрийн турш өрсөлдөв. Энэ удаа ХБНГУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багт Парисын олимпын аварга Элиса Мевиус, Мари Рейчерт нар тоглосон. Гэхдээ олимпын шилдгүүд аваргаа хамгаалж чадсангүй.
Монголын эмэгтэйчүүд хэсэгтээ Кенийн тамирчдыг хожсон ч Герман, Израиль, Польшийн багт ялагдсан. Харин эрэгтэйчүүд Бениний шигшээг тоглолтын талбарт буулгаж авсан ч БНХАУ, Япон, Нидерландын багийг ялсангүй. Манай сагсан бөмбөгчид хэсэг тус бүрдээ ердөө ганцхан хожилтой тэмцээнээ өндөрлүүллээ.
23 хүртэлх насныхны өнгөрсөн жилийн ДАШТ-д АНУ-ын эрэгтэй, Нидерландын эмэгтэйчүүдийн шигшээ баг түрүүлж байв. Тэгвэл энэ жилийнхэд тэдгээр баг байр ухарч, хоёрт жагссан. Энэ удаа эрэгтэйчүүдээс ХБНГУ, эмэгтэйчүүдээс АНУ-ын баг дэлхийн аварга боллоо.
Б.ЭНХЗАЯА