Швейцарын Цюрих хотод мэргэжлийн дугуйн элит, холимог баг, бөөн болон ганцаарчилсан гараатай, өсвөр үеийнхний ДАШТ энэ сарын 21-нд эхэлнэ. Найм хоног үргэлжлэх дээрх тэмцээнд 50 орны 200 дугуйчин эрх авч оролцох юм. Монголоос үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Төгөлдөр, Э.Алтан-Очир нарын удирдлагад 11 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж буй. Энэ удаа элит ангилалд “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, тивийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ С.Жамбалжамц, мөн залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медальт Б.Тэгшбаяр, УАШТ-ий алт, мөнгөн медальт Э.Билгүүнжаргал нар хурд сорих нь.
Тэгвэл 23 хүртэлх насныхны ангилалд Б.Батбаатар, А.Даваажаргал, Х.Тэмүүлэн нар уралдана. Эмэгтэйчүүдээс Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Солонго, спортын мастер Ж.Анужин, Б.Энхмаа нар өрсөлдөх юм. Өсвөр үеийнхний хөвгүүдийн ангилалд Э.Хишигсайхан, А.Хүслэн нар оролцохоор болжээ. Сонирхуулахад, Олон улсын дугуйн холбооны урилгаар Монголын эмэгтэй дугуйчид эл тэмцээний холимог багийн төрөлд анх удаа өрсөлдөнө.
Дугуйн спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Оман улсад энэ сарын 8-11-нд зохион байгуулсан дөрвөн өдрийн тэмцээнд шигшээ багийнхан оролцжээ. Тэднээс ОУХМ Э.Билгүүнжаргал уулын болон талын уралдааны онооны нийлбэр дүнгээр “Хамгийн ширүүн түрэмгий дугуйчин”-ы цом хүртсэн байна.
Г.БАТЦЭЦЭГ