-Перу улсын Лима хотод хөл тавьсан анхны өдөр ямар бодол төрүүлснээс ярилцлагаа эхэлье.
-Тус улс анх хөл тавихад хөгжиж буй орнуудын нэг шиг санагдсан. Тэнд бөхийн төрлүүдээс жүдо тийм ч сайн хөгжөөгүй нь анзаарагдаж байлаа. Эх орондоо өсвөр үеийнхний ДАШТ-ийг зохион байгуулсан нь бусад улсад энэ спорт хэрхэн хөгжсөнийг тамирчдынх нь ур чадвар, барилдах арга барил, туршлагаас харахыг зорьсон болов уу гэх бодол төрүүлсэн. Үүнээс хойших тэмцээнд улсынх нь тамирчид өмнөхөөсөө өөр үр дүн харуулах байх. Перу Монголоос 13 цагийн зөрүүтэй. Бид 36 цаг онгоцоор нисэхдээ дөрвөн удаа дамжиж, зорьсон газраа хүрсэн. Олон цагийн нислэгт ядарсан ч орчин нөхцөлд нь хурдан дасан зохицсон шүү. Үндэснийх нь хоолны соёлыг төдийлөн мэдэхгүй тул тамирчид тэмцээнтэй өдрүүдэд шууз болгож зэхсэн хүнсээ түлхүү хэрэглэсэн. Энэ улсад дэлхийн найман гайхамшгийн хоёр нь байдаг гэж сонссон. Тэмцээн өндөрлөсний маргааш нутаг буцсан болохоор хотоор нь аялж, хөгжилтэй нь танилцах боломж олдоогүй.
-Та тив, дэлхийн тэмцээнд цөөнгүй оролцлоо. Энэ удаа зорилгоо биелүүлээд сэтгэл өндөр ирсэн гэдэгт эргэлзэхгүй байна.
-Миний хувьд өсвөр үеийнхний ДАШТ-д гурав дахь удаагаа оролцлоо. Өнгөрсөн жил медаль хүртэх зорилго тавьж явсан ч тактик сайн боловсруулаагүй барилдсан тул өрсөлдөгчдөө хожигдож, сэтгэл дундуур ирж байв. Энэ удаа өмнөх тэмцээнд гаргасан алдаагаа давтахгүйг хичээж, бодсон бүхнээ хэрэгжүүлэхээр Перу улсыг зорьсон. Эхний тойрогт таарсан Канадын тамирчин бяр тэнхээгээр илүү байсан ч төлөвлөснийхөө дагуу барилдаж хожив. Хасагдах шатанд Японы бөхтэй хүнд барилдаан өрнүүлж буулгаж авсан. Хэсгийн аваргын төлөө Францын бөхтэй хүч сорихоор шалгарлаа. Түүнийг торгуулиар хожиж, алтан медалийн төлөө өмнө нь гурван удаа таарсан өрсөлдөгчтэйгөө нүүр тулсан. Бид дэвжээнд нэг бус удаа гар зөрүүлсэн болохоор нэгийнхээ барилдах арга барилыг гадарлана. Тэрбээр зүүн талтай, хурдан хөдөлгөөнтэй, үүрч жийдэг. Түүнийг мэх хийхээс нь өрсөж үүрнэ гэсэн бодолтой байв. Барилдахдаа тооцоолсон бүхнээ гарган, вазари үнэлгээгээр хожиж дэлхийн аварга болсон.
-Учраа таарсан өрсөлдөгч нараа үүрэх мэхээр голдуу ялж харагдсан. Өөрийнх болтол эзэмшсэн дархан мэх тань уу?
-Тийм ээ. Өрсөлдөгчдөө сөхөж үүрэх мэхээр хождог. Дэвжээнд таарсан жудочдоос Японы тамирчин хамгийн сонирхолтой барилдаан өрнүүлсэн. Өндөр, биерхүү түүнийг ялах үнэхээр хүнд байлаа. Эн тэнцүү барилдахын тулд өөрт байгаа бүхнээ шавхсан шүү. Зорилгоо биелүүлсний дараа нуруун дээрх хүнд ачаа хөнгөрсөн мэт санагдсан. Тэр үед өөртөө “Би чадлаа шүү дээ” гэж хэлээд урт амьсгаа авсан даа.
-Дэлхийн аварга болчхоод гэрийнхэнтэйгээ баяраа хуваалцах сан гэж догдолж яарсан биз?
-Гэрийнхэнтэйгээ хурдан уулзаж, баяраа хуваалцах сан гэж бодох тусам цаг урагшлахгүй байлаа. Хоног тоолж, яарч ирсэн биднийг олон хүн сэтгэл өндөр угтаж авахыг хараад догдолж, их баярласан. Би аавынхаа зөвлөгөөг сонсох дуртай. Хэлсэн үг нь алхам тутамд хэрэг болдог. Перу улсыг зорихын өмнө надад “Чи дэлхийн аварга болж чадна. Тийм хэмжээний эрч хүчийг өөрөөсөө зарцуулсан” гэж урам өгсөн юм. Аавынхаа зоригжуулсан үгийг дэвжээнд гарах бүрдээ бодсон. ДАШТ-д явахын өмнө миний оролцсон тэмцээнүүдийн хожиж буй бичлэгийг нэгтгээд видео болгосноо аав харуулсан юм. Би тэр бичлэгийг нь барилдаан болгоны өмнө үзэж эрч хүч авдаг байлаа.
-Өнгөрсөн жилийн тэмцээнээс медальгүй сэтгэл гонсгор ирсэн гэж та дээр өгүүллээ. Ялагдах муу зүйл биш шүү дээ. Таныг хурцалж, амжилтаас атгахад хөшүүрэг болсон ч юм бил үү.
-Өнгөрсөн жил медалиас мултрахдаа “Дараа заавал авна даа” гэж өөртөө амласан юм. Би ялагдахыг муу зүйл гэж боддоггүй. Тамирчин хүн ялагдаж байж ялалтын үнэ цэнийг мэддэг. Тиймээс ирсэн даруйдаа бэлтгэлээ шаргуу хийсэн. Нүдэнд ялагдал харагдаж, бодогдох бүрд өөрийгөө хурцалж, дайчилдаг байв. Өмнөх хоёр тэмцээн маш том сургамж болж, надад олон зүйлийг ойлгуулсан. Медаль хүртэж чадаагүйдээ өөрийгөө буруутгаж хэдэн сар сэтгэл зовнисон. Энэ жил сэтгэл зүйдээ анхаарал хандуулж, иог, бясалгалын Буян-Од багштай хамтран ажилласан минь амжилт гаргахад багагүй нөлөөлсөн. Аавыгаа муухан дасгалжуулагчаас дээр гэж боддог. Тэмцээн сонирхож үзэхээс гадна тамирчдын бэлтгэл хийх үеийн сэтгэл зүйн байдал, хооллолт, амралт, сэргэлт, хувийн зохион байгуулалт, сахилга бат, чөлөөт цаг гээд амжилт гаргахад хэрэг болох бүх зүйлийг уйгагүй судалдаг.
-Олон улсын шүүгч Т.Энхцэцэгийн удирдлагад олон жил хичээллэсэн гэж сонслоо.
-Долоон настайдаа багшийнхаа шавь болсон цагаас есөн жил жүдотой нөхөрлөж байна. Тухайн үед би 25 кг жинтэй байв. Аав намайг нэг өдөр хөтлөөд чөлөөт бөхийн бэлтгэлийн заал руу орууллаа. Гэтэл дасгалжуулагч нь харснаа “Таны охин үүгээр хичээллэхэд одоохондоо нас нь бага байна. Том болохоор нь дагуулаад ирээрэй” гэв. Аав хичээллэх насанд нь хүртэл бие бялдрыг нь хөгжүүлье гээд жүдогоор хичээллүүлэхээр шийдсэн юм. Дэвжээнд бэлтгэл хийсэн анхны өдрөөс жүдо их таалагдаж, эргэж буцахааргүй хөл тавьсан. Үүнээс өмнө би шатар, гимнастик, төгөлдөр хуур гээд олон дугуйланд явсан. Хүний хүсэл сонирхлыг татах увдис спортод байдаг шүү дээ. Тэр нь миний хувьд жүдо байсан. Түүнээс хойш багшийнхаа зөвлөснийг нь барилдаандаа хэрэгжүүлэхийг хичээж ирлээ. Багш энэ удаа ажилтай, завгүй байсан тул ДАШТ-д яваагүй. Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар багш тамирчдаа ахлан, хариуцаж оролцуулсан. Түүнийг тэмцээний үед бидний барилдаанд хэрэг болох тактикуудыг боловсруулж, алдаа, оноог минь анзааран харж, зөвлөсөнд баярладаг.
- Тамирчны амьдралыг хүүхэд байхаасаа мэдэрч өссөн байх нь.
-Спортын талбар бодож байгаагаас ч амаргүй. Тэр их өрсөлдөөнөөс шалгарч үлдэх бүр ч хэцүү. Тамирчдад бэртэл гэмтэл өрсөлдөгчөөс нь илүү дайсан болдог. Бэртэл, ялагдлыг мэдрэх агшин хамгийн хэцүү. Гэхдээ халширч, шантраад байдаггүй. Гэрийнхнийхээ итгэл найдвар, дэмжлэг, өөрийн зорилго тэмүүллээ бодож даван туулдаг. Амжилт гаргахаар хичээх үедээ тамирчид унаж, босохыг алийг тэр гэх вэ. Тийм л үед сэтгэлийн хат, хатуужил тэсвэрээр урагшилдаг болохыг ухаарсан.
-Үеийнхнийгээ хараад тэдэн шиг өөрийн дураар тоглож, наадах сан гэж хааяа боддог уу?
-Ангийн нөхдөө аялал, зугаалгад явах үед бэлтгэлтэй байж таардаг. Гэхдээ зорилго тавиад үүнийхээ төлөө тэмүүлж байгаа болохоор сайхан санагддаг юм. Өөртөө “Өнөөдөр бэлтгэлээ хийхэд тийм ч муу өдөр биш байна шүү” гэж урам өгдөг. Надад дэлхийн аваргын медаль амархан ирээгүй. Алтан медаль хүртэхийн төлөө олон жил хөдөлмөрлөсөн. Медалиа зүүгээд зогсож байхдаа тууштай хичээллэсэн зүтгэлээрээ бахархаж байлаа. Чөлөөт цаг гарвал найзуудтайгаа кино үзэх дуртай. Хичээл, бэлтгэл, тэмцээн гэж завгүй явдаг болохоор тэдэнтэйгээ хааяа уулздаг. Ирэх жил элсэлтийн шалгалт өгнө, сургуулиа төгсөнө, сонгосон мэргэжлээрээ суралцана гээд тун завгүй байх болов уу. Манайхан намайг эдийн засгийн мэргэжилтэй болгохыг хүсдэг. Тиймээс зөвлөж байж шийднэ. Энэ ташрамд, жүдогоор хичээллэдэг үеийнхээ тамирчдад “Зорилгынхоо төлөө тэмүүлдэг байгаарай. Амжилт гаргах эхэндээ хол санагддаг ч хичээвэл ойр байдаг юм шүү. Битгий шантраарай” гэж хэлье.
-Сургуулийн удирдлага, багш нар тань дэлхийн аварга тамирчнаа хэр сэтгэл өндөр угтав?
-Сүхбаатарын нэрэмжит нийслэлийн тэргүүний II сургуульд сурдаг. Манай сургуулийн хичээл 07.45 цагт эхэлдэг юм. Спортоор хичээллэдэг хүүхдүүд цаг сайн баримтална. Аливаа зүйлээс хоцрох дургүй байдаг. Тэгтэл аав “Чи 08.00 цагт хичээлдээ суугаарай” гэхээр нь “Хоцорч болохгүй шүү дээ” гэж яарахад албаар удаан яваад байлаа. Хэдэн минут хоцроод ортол сургуулийн захирал, багш нар, ангийн хамт олон баяр хүргэж, халуун дотно угтаж авсан шүү. ДАШТ-д оролцохоор зун амралгүй бэлтгэл хийсэн болохоор найз нөхдөө үгүйлж, их санасан.
-Дэлхийн дэвжээнээс гардсан алтан медалиа шагналынхаа хамгийн дээр залав уу. Танд үүнээс өмнө урам өгдөг зүйл юу байв?
-Перу улсаас ирээд шагналынхаа хамгийн дээр алтан медалиа залсан. Надад үнэ цэнтэй ирсэн медаль цөөнгүй бий. Хотын АШТ-д 32 кг-ын жинд анх оролцож хүрэл медаль хүртсэн юм. Тухайн үед хүүхэд байсан болохоор өөрөөсөө том биетэй өрсөлдөгчөө үүрэх мэхээр арай гэж ялж байв. Медалиасаа урам авч, өмнөхөөсөө илүү хичээхээр тэмүүлж байсан минь дурсамж болж үлджээ. Мөн насанд хүрэгчдийн цуврал тэмцээнээс гардсан хүрэл медаль үнэ цэнтэй ирсэн. Тухайн үед үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Г.Наранцэцэг эгчтэй хэсгийн аваргын төлөө 25 минут барилдаж, торгуулиар ялагдсан юм. Хэдийгээр түүнд ялагдсан ч ялсан мэт мэдрэмж төрөөд байв. Бүх зүйлээ гаргаж, эн тэнцүү үзсэн тэр барилдаан сэтгэлд хоногшиж үлдсэн. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Тайванийн тамирчныг ялж, шагналын тавцанд зогсож билээ.
-Та өсвөр үеийнхний УАШТ-д найман удаа аваргын төлөө шалгарсан юм билээ.
-Тийм ээ. Өсвөр үеийн УАШТ-ээс зургаан алт, хоёр мөнгөн медаль хүртсэн. Залуучуудынхаас хошой алт, нэг мөнгө, насан хүрэгчдийнхээс нэг хүрэл медальтай. Би 57 кг-ын жинд өрсөлддөг. Залуучуудын ДАШТ Тажикистан улсад ирэх сард болох тул хэд хоног амраад бэлтгэлээ хийнэ.
-Парисын олимпын жүдо бөхийн тэмцээнд аваргууд гал гартал барилдлаа. Тэдний нэг нь баярлан догдолж, нөгөө нь уйлж байхыг дэлхийн үзэгчид харсан даа.
-Олимпын наадмын тэмцээнүүдийг зурагтаар сонирхож үзсэн. Жүдо бөхийн төрөлд эмэгтэйчүүдээс 57 кг-ын жинд БНСУ-ын тамирчин Хү Ми Ми мөнгөн медаль хүртсэн юм. Түүний барилдах ур чадвар, тактикийг хараад хойшид ингэж барилдвал надад ч зохих юм байна гэх санаа авсан. ДАШТ-ий үед түүний тактикийг барилдаандаа боловсруулах гэж хичээлээ. Тэрбээр өрсөлдөгчдөө боломж өгөхгүйгээр өрсөж мэх хийдэг. Оноо авсан бол тэмцээний цаг дуустал маш сайн хамгаалдаг.
Г.БАТЦЭЦЭГ