Монголд ирэх амралтын өдөр буюу энэ сарын 14-нд эхлэх “Снүүкер-2024” болон Азийн зургаан улаан снүүкер биллиардын ДАШТ-д Ази, Европын орнууд шилдэг тоглогчдоо илгээхээр болсныг бид өмнө нь мэдээлсэн. Энэ удаа тивийн аваргуудаас Энэтхэгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Анупама Рамачандран багтаж, оролцохоор болжээ. Снүүкер биллиардын Азийн аваргаар тодорсон тэрбээр өмнө нь Олон улсын биллиардын снүүкерийн холбооны 16 хүртэлх насныхны ДАШТ-д тэргүүлж байв. Мөн эмэгтэйчүүдийн 21 хүртэлх насныхны снүүкер болон зургаан улаан снүүкер биллиардын ДАШТ-д дэд байрт шалгарсан билээ.
Өмнөд хөршийнхнөөс Хонконгийн алдарт тамирчин, дэлхийн гурван удаагийн аварга Онь И Нг, эрэгтэйчүүдээс “Азийн зургаан улаан снүүкер-2024” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Нансен Ван нар өрсөлдөхөөр манай улсад хөл тавина. Тэгвэл Монголын тоглогчдоос тив, дэлхийн хүрэл медальт, ОУХМ Б.Нарантуяа, эрэгтэйчүүдээс улсын хошой аварга (2017, 2018), мөнгө (2023), хүрэл медальт (2024) Т.Лхагвасүрэн дэлхийн шилдгүүдтэй ур чадвараа сорих аж.