Польшийн Кротошин хотод зохион байгуулсан сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-д манай улсаас -115 кг-ын жинд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн арслан Б.Бадрал оролцож, гурав дахь удаагаа түрүүлэв. Тэрбээр өмнө нь Тайваньд 2018, Японы Осака хотод 2019 онд болсон ДАШТ-д аваргаар шалгарч байлаа. Эл тэмцээнтэй давхцаж мэргэжлийн сүмогийн Аки башё энэ сарын 8-нд эхэлсэн. Монголын бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил 1631 дэх барилдаандаа Кагаякийг илүүрхэж, эхний даваагаа авчээ. Ингэснээр тэрбээр 1986 онд тогтоосон Аобажо сэкивакэгийн дээд амжилтыг эвдсэн байна.