Казахстаны Астана хотод үргэлжилж буй дэлхийн нүүдэлчдийн V наадамд Монголын тамирчид спортын 18 төрөлд өрсөлдөж байна. Дээрх наадмын хоёр дахь өдөр модон барилдааны төрөлд эрэгтэйчүүдээс 90 кг-ын жинд тив, дэлхийн мөнгө, Европын АШТ-ий хүрэл медальт, “Xillinhot cup” тэмцээний аварга, Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч Ц.Өнөрбат мөнгөн медаль хүртэв. Тэрбээр аваргын төлөөх өрсөлдөөнд ОХУ-ын тамирчин Пиконин Евгенийд 2:1-ээр хожигдсон. Түүнчлэн морьт барилдааны -100 кг-д Ж.Бахытжан мөнгө, +100 кг-д Ш.Харжаубай хүрэл медаль зүүв.
Казак кураш бөхийн төрөлд эмэгтэйчүүдээс 70 кг-ын жинд Ц.Батцэцэг III байр эзэлсэн юм. Тэгвэл үндэсний сурын эрэгтэй харваачдаас Гавьяат тамирчин, Монгол Улсын дархан мэргэн Ц.Хүдэрчулуун калкан харвааны 60 метрийн төрөлд хүрэл медалийн болзол хангажээ. Монголын модон барилдааны холбооны олон улсын шүүгч Б.Даариймаа тус наадмын тэмцээнийг эх орноо төлөөлж анх удаа дэнсэлж буй. Тэрбээр тив, дэлхийн тэмцээнийг амжилттай шүүсэн шилдэг шүүгчдийн тоонд зүй ёсоор ордог билээ. Одоогоор манай улсын баг гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтай, 89 орноос VII байрт жагсаж байна.
Г.БАТЦЭЦЭГ