АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2024 оны эхний хагас жилд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нийт 263 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг хянан шалгасан юм. Эл шалгалтаар нийтийн албан тушаалтан болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтнууд ХАСХОМ-ээ худал мэдүүлсэн нь тодорхой болсон учраас Авлигын эсрэг хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар болсон байна.
Тухайлбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Э.Одбаяр, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адъяа, УУХҮЯ-ны харьяанд байдаг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга төслийн Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Энхмандах, тус үйлдвэрийн нэгжийн дарга Д.Нямдорж нар хуудуутай мэдүүлэг гаргасан аж.
Жишээ нь, хөрөнгө, орлогын мэдүүлгийн “Газар”, “Орон сууц, барилга байгууламж”, “Орлого”, “Зээл” хэсэгт өөрийн эзэмшлийн газар, агуулах, тээврийн хэрэгсэл худалдан борлуулсан орлого, банкнаас авсан зээл, хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн орон сууц, гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоол, зуслангийн байшин, гэр бүлийн гишүүний үйл ажиллагааны орлого, үүсгэн байгуулсан болон хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийг мэдүүлээгүй аж.