Испанийн Понтеведра хотод үргэлжилж буй бөхийн төрлүүдийн 20 насныхны ДАШТ-д Монголын тамирчид зодоглож байна. Тэднээс чөлөөт бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч сорьсон Б.Халиун эхний тойрогт Канадын тамирчныг 11:0, дараа нь Азербайжаны Самадоваг 6:2, хагас шигшээд Японы Карина Хондог 1:1-ээр буулган авч, финалд шалгарав. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд АНУ-ын тамирчин Кристелл Н.Родригест 4:0-ээр ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Б.Халиун энэ удаа эгч Б.Хулангийн хамтаар дээрх тэмцээнд оролцсон. Тэднийг бэлтгэл хийлгэдэг багш нь Японы алдарт дасгалжуулагч Сакае Казүхито аж.
Тэгвэл 76 кг-д дагах барилдаан хийсэн Т.Түвшинжаргал торгуулийн тойрогт өмнөд хөршийн Мэй Лэ Жаныг илүүрхсэн ч хүрэл медалийн төлөө Туркийн Элмира Ясынд 2:8-аар хожигдсоноор V байрт шалгарчээ. Эрэгтэйчүүдээс хүнд жин болох 125 кг-д Б.Намбардагва эхний тойрогт гоц мөргөж, дараагийнхад Японы Хосей Фүжитаг 4:0, шигшээд БНХАУ-ын Жуан Ивэйг 8:0-ээр хожив. Тэрбээр хагас шигшээд АНУ-ын Бенжамин Аллен Кутерт 13:3- аар ялагдсан юм. Ингээд медалийн төлөө Казахстаны Алихан Хуссайновыг 4:1-ээр ялж, хүрэл медаль зүүлээ.
Ташрамд дуулгахад, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 15, 20 насныхны Азийн АШТ-ий үеэр зохион байгуулсан олон улсын шүүгчийн зэрэг олгох шалгалтын үр дүнг танилцуулжээ. Манай улсаас эл шалгалтад М.Кажимукан, Б.Цэцэнбилэг, Э.Батнасан нар тэнцэж, олон улсын шүүгч болсон байна.
Г.БАТЦЭЦЭГ