Франц улсад энэ сарын 8 хүртэл үргэлжлэх “Парис-2024” зуны паралимпийн 17 дахь удаагийн наадамд 168 орны 4400 тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Тус наадамд ур чадвараа сорьсон манай улсын 12 тамирчин одоогоор спортын зургаан төрлөөс таеквондо, бөөрөнцөг шидэлтээр нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар 168 орноос 40 дүгээр байрт жагсжээ. Монгол тамирчдынхаа тэмцээний салхийг хагалж, дасгалжуулагч З.Сувдын удирдлагад усанд сэлэлтийн өврөөр даллах төрлийн 50 метрийн зайд оролцсон Х.Номуун VII байр эзэлсэн. Тэгвэл байт харвааны рекурв төрөлд дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлагад Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц сорив. Энэ удаа Б.Оюун-Эрдэнэ Италийн тамирчин Вероника Флореног 6:0-ээр ялж, шөвгийн 16-д шалгарсан. Гэвч өмнөд хөршийн тамирчин Ву Чун Янд 6:0-ээр хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ.
Д.Сэлэнгээгийн хувьд эхний даваанд гоц мөргөж, дараагийнхад Украины тамирчин Анна Виктория Шевченког 6:2-оор илүүрхсэн. Шигшээ наймд Словенийн Зива Лавринийг 6:4-өөр буулган авснаар хагас шигшээд шалгарсан. Тэмцээний урьдчилсан харваанд эхний дөрөвт шалгарсан тамирчид хагас шигшээд үлдэж, ана мана өрсөлдөв. Манай тамирчин хагас шигшээд БНХАУ-ын тамирчин Ву Чун Янд 6:4-өөр ялагдаж, хүрэл медалийн төлөө цэц сорьсон. Медалийн төлөөх харваанд тэрбээр Италийн Элизабетта Мижнод 6:2-оор хожигдож, IV байрт шалгарлаа. Түүнтэй өрсөлдсөн харваачдаас БНХАУ-ын Вү Чүн Ян алт, Вү Ян мөнгөн медальтай нутаг буцахаар болжээ.
Пара хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн Т53 ангилалд дасгалжуулагч Б.Батдоржийн удирдлагад П.Энхманлай өрсөлдөх нь. Тэрбээр 2016 оны Ази, Номхон далайн орнуудын АШТ-ээс хошой хүрэл, Бээжингийн гран при тэмцээнээс алт, хүрэл медаль авч байв. Мөн 2019 онд Польшийн гран при тэмцээнээс хүрэл медаль хүртэж, “Токио-2020” паралимпийн наадамд уралдсан билээ.
Пара жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагч О.Ууганбаатар, Б.Нарантуяа нар удирдлагад оролцохоор Парисыг зорьсон. Эрэгтэйчүүдээс Б.Баттөгс 90, Д.Ганбат +90, эмэгтэйчүүдээс Т.Сувд-Эрдэнэ 48, Л.Туруунаа 70 кг-ын жинд өнөөдөр зодоглоно. Жүдочдын барилдааныг манайхнаас Т.Сувд-Эрдэнэ эхлүүлэх аж. Тэмцээн Улаанбаатарын цагаар 16.00-т эхэлж, финалын барилдаан 22.00-т болно. Пауэрлифтингийн төрөлд эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ энэ сарын 8-нд хүч үзэх нь.