ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлал хийсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллага Төрийн ордон, түүний ойролцоох бүсэд өндөр хэмжээний хамгаалалт гаргасан. Гэтэл Төрийн ордны зүүн талд орших “Туушин” зочид буудлын орчимд Мексик улсын иргэн Г, Испанийн иргэн К-гийн хамт өчигдөр 15.00 цагийн үед холын тусгалтай, дурантай буутай явж байв. Төрийн I зэргийн хамгаалалт хэрэгжиж байсан тухайн бүсэд галт зэвсэгтэй явсан гадаадын иргэнийг тэр даруйд нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст аваачин шалгаж эхэлсэн аж.
Эх сурвалжуудын мэдээлснээр манай улсад тусгай сонирхлын аялал жуулчлал буюу ан агнах зорилгоор ирсэн мексик, испани эрс холбогдох хууль, журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж, тухайн галт зэвсгийг авч явсан гэнэ.
Мөн энэ өдөр “No war” хөдөлгөөнийхөн гэгдэх хүмүүс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлалыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж байсныг тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст хүргэн тайлбар мэдүүлэг авсан. Учир нь тус хөдөлгөөнийхөн хамгаалалтын бүсийг зөрчсөн байж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “ОХУ-ын Ерөнхийлөгчийг төв талбайд угтах ёслолын үеэр хамгаалалтын I, II бүс тогтоосон. Цагдаагийн байгууллагаас “No war” хөдөлгөөний төлөөлөлтэй уулзаж хамгаалалтын II бүс буюу Соёлын төв өргөө орчимд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно гэдгийг танилцуулсан байсан. Гэвч тухайн иргэд II бүсээс I бүс рүү нэвтэрсэн учир тэднийг Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих, мөн хуулийн 15.2 буюу Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн” гэсэн мэдээлэл өгсөн юм.