УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Д.Кёкүшюзанбатбаяр, Гавьяат жүжигчин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргаас эхлэн хоёр өдрийн турш хэлэлцээд баасан гарагт гэм буруутай, эсэхийг нь шийдвэрлэхээр болсон юм. Гэвч тус шүүхийн шүүгч И.Ганбат хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтын хүрээнд дээрх хүмүүст холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16-5 дахь хэсгийг үндэслэн 60 хоногийн хугацаанд нэмэлт ажиллагаа хийлгэхийг прокурорт даалган шүүх хурлыг хойшлуулсан байна.
НПГ-аас Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан бусдыг залилан мэхэлсэн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхээр хоёр дахь удаагаа шийдвэрлүүлэхээр болсон билээ.