Оюутны гольфын ДАШТ Финланд улсын Куортане болон Сейнажоки хотын “Руухикоски” талбайд өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх аж. Тэмцээнд 20 орны 87 тамирчин оролцож буй юм. Уг тэмцээнд Монгол Улсаас “Star” клубийн тамирчин, “Сити” их сургуулийн оюутан М.Буян-Эрдэнэ оролцож байна. Дасгалжуулагчаар нь түүний аав, гольфчин, тус клубийн ТУЗ-ийн дарга Б.Мягмарсүрэн ажиллаж байгаа гэнэ. М.Буян-Эрдэнэ нь Монголын гольфын холбооны гишүүдийн дундах чансаагаараа 49 дүгээрт жагсдаг юм байна. Тэд Куортане хот дахь олимпын бэлтгэлийн төвд байрлан, “Руухикоски” гольфын талбайд бэлтгэл сургуулилтаа хийж буй ажээ. Тамирчид нэг өдөрт 18, нийт дөрвөн өдрийн турш 72 нүхэнд бөмбөг оруулан өрсөлдөнө. Тэмцээний эцсийн өдөр нийлбэр дүнгээр ялагч тодрох юм.
Ташрамд дурдахад, 2014 онд Швейцар улсад болсон оюутны ДАШТ-д манай улсын оюутан гольфчид анх оролцож эхэлсэн түүхтэй. Италийн Турин хотод 2022 онд болсон өнгөрсөн удаагийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн М.Жүгдэрдагва дасгалжуулагчтай М.Буян-Эрдэнэ, Ц.Төгөлдөр, Н.Намуунаа нар оролцжээ. Манай улсад гольфын спорт сонирхдог 4000 гаруй, идэвхтэй хичээллэдэг 400-гаад тоглогч бий гэнэ. Тэднээс 230 нь Монголын гольфын холбооны албан ёсны гишүүнчлэлтэй тоглогч ажээ.
Б.АМАРЗАЯА