ЗХЖШ-ын орлогч дарга асан, бригадын генерал Ц.Жавхланбаатарт холбогдох, бусдаас хахууль авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст сэргээн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ. АТГ-ын мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсэн зургаан хэрэг дунд эл бригадын генералынх багтжээ. Ц.Жавхланбаатар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн даргаар хурандаа цолтой ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан, эд хөрөнгө залилсан хэрэгт холбогдон цагдаа, АТГ-ын үүдийг сахиж байсан юм. Тодруулбал, зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн ахлагч Б.Т-ыг энхийг сахиулах ажиллагааны цэргийн багт багтаана хэмээн 2018 оны гуравдугаар сард 3.5 сая төгрөг авсан боловч явуулаагүй хэмээн ар гэрийнхэн нь гомдол гаргасны дагуу шалгаад яллагдагчаар тооцон, 2019 оны аравдугаар сард эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх санал гарган прокурорын хяналтад шилжүүлж байв. Гэвч прокурор хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан юм.
Эл хэргээсээ өмнө Ц.Жавхланбаатар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэст Эрүүгийн хуулийн 17.3-т заасан бусдаас их хэмжээний мөнгө залилан мэхэлсэн хэрэгт шалгуулсан. Мөн л энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө хэмээн 10 сая төгрөг залилан мэхэлсэн байж болзошгүй хэмээн цагдаагийнхан шалгаж байхад нь прокурор хэргийг нь хянахаар шилжүүлж аваад хэрэгсэхгүй болгосон гэдэг. Тэгвэл энэ удаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн бригадын генерал Ц.Жавхланбаатарын 2019 онд бусдаас хахууль авсан гэх хэргийг шалгаж дуусжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ажиллагааны дэмжлэгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа дэд ахлагч Т.Г-г Афганистанд олон улсын цэргийн эвслээс явуулж асан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны ХБНГУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх XI ээлжийн цэргийн багт багтааж, 4.5 сая төгрөг бусдаар дамжуулан авсан хэмээн буруутгагдаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар бригадын генерал цол хүртсэн түүний өмнөх хэргүүд шүүхийн босгоор даваагүй. Харин энэ удаа прокурорын шатнаас шүүхэд шилжих, эсэхийг харах л үлдэв.