Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяа Цэргийн хөгжмийн сургууль буюу политехник коллежид ур чадвараараа тэнцээгүй хүүхдүүдийг элсүүлж хахууль авсан тус сургуулийн удирдах албан тушаалтан, тэдэнд хахууль өгсөн гэх эцэг эх, ар гэрийнхний төлөөлөлд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.
Д.Одгэрэл, П.Юмчмаа, С.Одсүрэн, М.Мөнхбаяр, Ц.Сурмаа, Ж.Болормаа, М.Оюунсүрэн, Д.Дагиймаа, Б.Алтанцэцэг нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүх эл хэргийг өнгөрсөн тавдугаар сарын 31-нд хэлэлцээд ҮБХИС-ийн офицер М.Мөнхбаярын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна. Харин ҮБХИС-ийн харьяа Цэргийн хөгжмийн сургуульд удирдах албан тушаал хашиж байсан Д.Одгэрэлийг шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан, П.Юмчмаа, С.Одсүрэн, Ц.Сурмаа, Ж.Болормаа, М.Оюунсүрэн, Д.Дагиймаа, Б.Алтанцэцэг нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн гэм буруутайд тооцсон аж.
ҮБХИС-ийн харьяа Цэргийн хөгжмийн сургуулийн захирал асан Д.Одгэрэл 2018 оны долоодугаар сард энэ сургуульд тэнцээгүй зургаан хүүхдийн ар гэрийнхнээс 500 000-2 000 000 төгрөгийн хахууль авч, ҮБХИС-ийн захирлын 2018 оны аравдугаар сарын 22-ны “Хөтөлбөрт хуваарилан суралцуулах тухай” Б/249 дугаартай тушаалд сурагчдын нэрсийг жагсаалтад оруулан, суралцуулсан хэмээн яллагдагчаар татагдсан байна. Тэрбээр “Би сургуулийн захирал учраас сурагч, ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс сургуульдаа засвар хийх санааг гаргасан. Манай сургуульд хүүхдүүдийн суралцах орчин үнэхээр муу байсан. Ийм орчинд хичээл сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзээд ҮБХИС-ийн 2018-2019 оны сургалтын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд засвар хийх шаардлагатай талаараа тусгаж төлөвлөгөө гарган, захирал, бригадын генерал П.Жаргалангаар батлуулж, сургуулийн удирдлага болон захиргааны зөвлөлийн гишүүдэд танилцуулсан. Сургуулийн удирдлагаас “Ямар ч байсан дотоод нөөц бололцоогоо ашиглаад засвараа хийж эхэлж бай” гэж хэлсэн хэмээн мэдүүлсэн байдаг.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ҮБХИС-ийн харьяа Цэргийн хөгжмийн сургуульд хүүхэд оруулахын тулд хахууль өгсөн нэр бүхий хүмүүсийн үйлдлийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн аж. Харин Д.Одгэрэлд нийтийн албан тушаал эрхлэх эрхийг зургаан жил хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн бол хахууль зуучилсан хэмээн буруутгагдсан С.Одсүрэнг хоёр жил тэнсэн харгалзахаар болжээ.
ҮБХИС-ийн харьяа “Тэмүүжин өрлөг” сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрээр хүүхдүүдийг шалгалтгүй элсүүлсэн хэмээн захирлыг нь АТГ-т шалгаж эхэлсэн. БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаасаа эхлээд газар, хэлтсийн даргаар ажилладаг, сүүлд бригадын генерал цол хүртсэн нэр бүхий албан тушаалтнууд, ЗХЖШ-ын удирдах албан тушаалтан, БХИС-ийн эрх мэдэлтнүүд, Баянзүрх дүүргийн ЗДТГ-т удирдах ажил эрхэлдэг нэгэн гээд 14 хүн 1-7 хүүхдийг шалгалтгүй элсүүлсэн ч “Тэмүүжин өрлөг”-ийн захирлыг албан тушаалаас нь чөлөөлөөд “уснаас хуурай” гарцгаасан билээ.