Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голд нэг эмэгтэй живсэн гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт уржигдар 09.50 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 73 настай эмэгтэйн цогцсыг 10.10 цагт уснаас гаргажээ. Алба хаагчид эмэгтэйн цогцсыг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Энэ он гарснаас хойш нийслэлийн есөн дүүрэг, 14 аймгийн 21 сумд голын халиа, гүний болон хөрсний ус, аадар борооны улмаас үерт автсан гэх нийт 387 удаагийн дуудлага, мэдээлэл дээрх байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 1018 иргэний амь аварчээ. Мөн үерийн усанд автсан 177 барилга байшин, 311 гэр, 168 хашаа, саравч, 35 автомашин, 25 авто замын байгууламжийг эрсдэлээс хамгаалсан байна.
Иймд голынойролцоо амарч зугаалахдаа анхааруулсан газарт хоноглохгүй, сонор сэрэмжтэй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг дээрх байгууллагаас анхаарууллаа.