Тусгай олимпын Зүүн Азийн бүсийн гэр бүлийн манлайлагчдын чуулган Улаанбаатарт үргэлжилж байна. Уг чуулганыг Монголын тусгай олимпын хорооноос зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 24-нийг дуустал үргэлжлэх юм. Монгол, БНХАУ, Хонконг, Макао, Тайвань, БНСУ зэрэг Зүүн Азийн тусгай олимпын гишүүн орны тамирчдын эцэг, эх, асран хамгаалагчид үүнд оролцож байгаа аж. Манай улсаас Баян-Өлгий, Орхон, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын төлөөлөл оролцож байна. Оролцогчид тусгай олимпын тaмирчдыг хөгжүүлж, нийгэмшүүлэх туршлагаасаа хуваалцаж буй гэнэ.
Тусгай олимп гэдэг нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүд, насанд хүрсэн хүмүүсийн спортын өрсөлдөөн, уралдаан тэмцээн билээ. Спортоор дамжуулан тэдний биеийн болон оюуны хөгжлийг дэмжих, урам зориг өгөх, гэр бүл, найзын хүрээнд нөхөрлөлийн сүлжээ үүсгэх нь тусгай олимпын зорилго байдаг. Оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийг хөгжүүлэхэд тэдний гэр бүл, асран хамгаалагчдын үүрэг, оролцоо, хувь нэмэр асар чухал. Зөвхөн Монголд бус, бусад орны эцэг, эх, асран хамгаалагчдад оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдээ хөгжүүлэх, ялангуяа спортоор дамжуулан хэрхэн нийгэмшүүлэх зэрэг асуудал тулгардаг.
Тиймээс энэ чиглэлээр судалгаа хийсэн, тодорхой хэмжээний боломжуудыг нээсэн хүмүүс дээрх чуулганд илтгэлээ танилцуулж байгаа аж. Ялангуяа тусгай олимпын тамирчдыг бэлтгэхэд эцэг, эх, асран хамгаалагчдын сэтгэл зүй ямар байх талаар зөвлөгөө өгч буй гэнэ. Тухайлбал, монгол ээж, аавуудын төлөөлөл болсон Ш.Мөнхцэрэн өнөөдөр гэр бүлийн түүх, хүүхдээ хэрхэн нийгэмшүүлэх, хөгжүүлэх талаарх туршлагаасаа хуваалцах юм байна.
Ташрамд дурдахад, дэлхийн тусгай олимпын наадмыг 1968 онд АНУ-ын Чикаго хотод анх зохион байгуулж байжээ. Уг олимпыг дөрвөн жил тутамд зохион байгуулдаг бөгөөд аль нэг тамирчин түрүүлэх, медаль авах бус, харин оролцох нь чухал гэдгээрээ онцлогтой аж. Ээлжит тусгай олимпыг ирэх онд Итали улсад зохион байгуулах юм байна. Үүнтэй холбоотойгоор Монголын тусгай олимпын хорооныхон бөмбөгтэй заалны хоккей буюу флорболын эмэгтэйчүүдийн баг бүрдүүлэх сонгон шалгаруулалт явуулж байгаа гэнэ.