ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаныхан зарим хуулийг хэрэгжүүлэхдээ ялгамжтай ханддаг, нэр бүхий ажилтан нь хууль бус үйлдэл гаргасан талаар “Баялагтаа эзэн Монгол” ТББ-ын тэргүүн П.Батзориг өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүн бүр баялагтаа эзэн байх ёстой” гэж хэлснийг хууль хяналтын байгууллагынхан хэрэгжүүлэхгүй байна. Тухайлбал, би Дорнод аймгийн Баяндун сумд найзуудтайгаа явж байгаад алт олборлож, сэндийчсэн газраас 1.2 кг алт олсон. Үүнийг 10 гаруй хүн хувааж авсан нь үнэн. Стандартын дагуу бол өрөмдлөг хийж, ашигт малтмалыг хайх ёстой. Тэгтэл тухайн бүсэд алт олборлосон компани үүний дагуу үйл ажиллагаагаа явуулаагүй байхад хариуцлага хүлээлгээгүй хэр нь биднийг шалгаж, хэрэг үүсгэсэнд гомдолтой байна.
Үүний цаана бичиг баримтын зөрчилтэй, зөвшөөрөлгүй асар олон компани буй. Цагдаа нар эдгээрийг хянадаггүй, арга хэмжээ авдаггүй мөртлөө амьдралын төлөө тэмцэж яваа малчид, “нинжа” нарын олборлосон алтыг булааж, хөөж явуулаад, торгууль тавьдаг. Экологийн цагдаагийн албаны дэд хурандаа Батжаргал нэг өдөр намайг дуудаж, “Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа эрх дархтнуудын талаар мэдээлэл олж өгөөч” гээд хамтарч ажиллах санал тавьж, би ч зөвшөөрсөн. Тэгээд цулгуй цаасан дээр гарын үсэг зуруулсан. Үүнийг миний болон найзуудын маань эсрэг ашигласан байх магадлалтай” гэв. Харин энэ талаар Экологийн цагдаагийн албанаас тодруулахад “Албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.