Шатрын ахмадын Азийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад үргэлжилж байна. 13 дахь удаагийн эл тэмцээнд есөн орны 81 тамирчин хоёр насны ангилалд өрсөлдөж буй юм. Түүнчлэн уг тэмцээнд оролцож буй тамирчдын 23 нь олон улсын цолтойг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.
Шатрын ахмадын Азийн аварга шалгаруулах тэмцээний 65-аас дээш насны ангилалд манай улсыг төлөөлөн өдгөө 78 настай, Гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн өрсөлдөж байна. Тэрбээр их мастер Б.Хатанбаатар, Ц.Батчулуун, А.Энхтуул тэргүүтэй шатарчдыг бэлтгэсэн нэгэн. Мөн уг ангилалд спортын мастер Р.Энхбат, “Хос мастер” шатрын академийг үүсгэн байгуулагч М.Баасанжав, Н.Энхнасан нар өрсөлдөж буй. Харин 50-иас дээш насны ангилалд “Олонлог” сургуулийн багш, дэд мастер Б.Баяржаргал оролцож байгаа аж. Эл тэмцээний аваргууд энэ сарын 18-нд тодорно.
Бэлтгэсэн У.Сүрэн