Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 21 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн “FIBA 3х3” тэмцээн өнөөдөр БНХАУ-д эхэлнэ. Уг тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдөнө. Тодруулбал, манай улсаас хоёр дасгалжуулагч, 12 тамирчин, нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй баг тус улсын Хүбэй мужийг өчигдөр зорьсон юм.
Залуу тоглогчдод авьяас, ур чадвараа хөгжүүлэх, дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөх, туршлага солилцох боломжийг олгох зорилготой эл тэмцээн энэ сарын 18 хүртэл үргэлжлэх аж. Ташрамд дурдахад, өнгөрсөн оны зургаадугаар сард Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг мөн улсын Хандан хотод зохион байгуулсан 21 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн “FIBA 3х3” тэмцээнд оролцож, хэсгийн эхний тоглолтдоо АНУ-ын шигшээ багийг 15:14-ийн харьцаагаар ялж, түүхэн амжилт гаргаж байжээ.
Бэлтгэсэн Э.Жавзандулам