Японд ажиллаж, амьдардаг монгол иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг мэдээллийг Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсээс гаргажээ. Тус улсын Мияазаки мужид энэ сарын 8-ны 16.43 цагийн орчимд газар 7.1 баллын хүчтэй хөдөлсөн билээ. Газар долоон баллаас дээш хүчтэй хөдлөхөд дагалдах чичирхийллийн хүч түүнээс илүү байх магадлалтай гэнэ. Тиймээс Японы Засгийн газраас гамшиг учрах магадлалтай учир бэлтгэлээ сайтар хангахыг олон нийтэд уриалж буй юм байна. Үүнтэй холбоотойгоор Шизүока, Кюүшюү, Нагоя, Токүшимад, Осака орчимд амьдардаг иргэд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлж, бэлтгэлээ хангахыг Элчин сайдын яамнаас монгол иргэддээ зөвлөжээ.