Азид томоохонд тооцогддог Японы аялал жуулчлалын экспо ирэх есдүгээр сарын 26-29-нд Токио хотод болох нь. Уг арга хэмжээнд манай улс 17 жил тасралтгүй оролцсон бөгөөд энэ жил хуваарилсан төсөвтөө тааруулан 36 ам метр талбай захиалж, 7-8 аж ахуйн нэгжийг оролцуулахаар төлөвлөж буйг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. Ингэхдээ Япон Улсын зах зээлээс жуулчин хүлээж авдаг тур операторуудыг хамруулахаар төлөвлөж байгаа аж.
Эл экспог Японы үндэсний аялал жуулчлалын байгууллага, Япон Улсын аялал жуулчлалын холбоо, Японы аялал жуулчлалын агентлагуудын холбоо гэсэн гурван том газар хамтран зохион байгуулдаг онцлогтой. Ойролцоогоор 150 мянган хүн оролцдог, 200-гаад мянган зочин зорьж ирдэг гэнэ. Өнгөрсөн онд 1275 аж ахуйн нэгжийн төлөөлөл 148 мянга гаруй хүн оролцжээ. Үүнд Монголоос 14 аж ахуйн нэгжийг хамруулсан аж.
Бэлтгэсэн Н.Мишээл