“Дугуйтай Дархан” клубийн санаачилгаар “Дархан-88” уулын дугуйн уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Эл уралдааны өсвөр үеийнхний ангиллын 40 км-ийн төрөлд Төв аймгийн баг тэргүүлэв. Удаах байрт “MG road” клубийн тамирчид шалгарсан. Тэгвэл гуравдугаарт “Хурд-Эрдэнэт-1” клубийнхэн жагссан байна. Түүнчлэн элит ангиллын 40 км-ийн төрөлд “Team Oggi” баг нэгдүгээрт байрт шалгарч, хоёрдугаарт “Атилла”-гийнхан эрэмбэлэгджээ. Харин гуравдугаар байрт “Хубилай” багийн тамирчид шалгарсан.
“Дархан-88” уулын дугуйн уралдаанд 23 клубийн 300 орчим тамирчин өрсөлджээ. Үүнд эмэгтэйчүүдийн 12, эрэгтэйчүүдийн 34 баг оролцлоо. Тодруулбал, Улаанбаатар хот, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дундговь аймгаас тамирчид хурд сорьсон юм байна.
Тэмцээний үеэр тамирчид “Дархан-50” цогцолбороос гарааны цэг хүртэл найман км-ийн турш бие халаалт хийжээ. Ингээд Мангирт багт заасан цэгээс тэмцээнээ эхлүүлсэн. Тэд Дархан-Уулын “Залуучууд” театр, Зулзагын гол, Аргалын гарам, Шийрийн бригад, Цайдамын хөндий, “Гүнж ресорт” гэсэн маршрутаар уралдаж, шилдгүүдээ тодруулжээ.
Бэлтгэсэн У.Цэцэг