Сагсан бөмбөгийн 18 хүртэлх насныхны Азийн АШТ ирэх сарын 2-9-нд Йордан улсын Амман хотод болно. Тус тэмцээнд манайхаас олон улсын шүүгч Г.Ганбаярыг ажиллуулах албан ёсны томилгоог Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос хийжээ. Түүнчлэн манай улс Малайзын сагсан бөмбөгийн холбоотой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Үүний хүрээнд энэ сарын 6-нд эхэлсэн тус улсын үндэсний АШТ-ийг Монголын сагсан бөмбөгийн холбооны А зэрэглэлийн шүүгч Б.Тамир дэнслэхээр Куала-Лумпур хотыг зорив.
Сонирхуулахад, сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн тэмцээний 2024-2025 оны улирлын бэлтгэл ажил өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн. Бэлтгэл ажлын хүрээнд лигийн зохион байгуулагчид болон оролцогчид талуудыг нэгтгэсэн ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд үндэсний дээд лигийн эмэгтэйчүүдийн зургаа, эрэгтэйчүүдийн 10 багт хамтран ажиллах гэрээ, лигийн журмын төслийг хүргүүлэн нээлттэй санал авч, журмыг шинэчлэн баталсан аж. Аравдугаар сарын 12-нд эхлэх үндэсний дээд лигийн тэмцээнд оролцох багууд гурван жилийн хамтын гэрээ байгууллаа.