Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 34.690, мөрдөн байцаалтын 2.692 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 505 хэргийг хүргүүлсэн. Үүнээс:
Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 200, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 11, Өмчлөх эрхийн эсрэг 150, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 109, бусад 11 хэрэг байна.
Мөн 50.703 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 49.621 шийдвэрлэж, шүүхээр 1082 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2631, Танхайрах 156, Хүний биед халдах 331, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 225, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 46.377, бусад 983 зөрчил байна.
Нэр бүхий иргэн нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн тойрогт байрлах Петоровис шатахуун түгээх станц дээр энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ... улсын дугаартай Тоёота Хариер маркийн тээврийн хэрэгсэлдээ их хэмжээний буюу 700 ширхэг байлдааны сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэж явсан гэх хэрэгт иргэн Т.Д-г энэ оны 07 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны 08 дугаар сарын 02-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн.
Монгол Улсад бүртгэлтэй “Т.Т” ХХК нь 2022 оноос 2023 оны хугацаанд нэр бүхий бусад аж ахуйн нэгжүүдэд хуурамч онцгой албан татварын тэмдэгт наасан архи, согтууруулах ундааг худалдан борлуулсан гэх хэрэгт иргэн Т.Б-г энэ оны 08 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах Дархан импекс ХХК-ний төмөр баяжуулах үйлдвэрийн хашаан дотор Би Ай Эм ХХК нь химийн бодис тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 51 иргэнд 15.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 208 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.