Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл эхэлсэн талаар Монголын хуульчдын холбооноос өчигдөр мэдээлэв. Шалгалт эхлэх өдрийг 75-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах хуультай. Мэргэжлийн шалгалтыг ирэх аравдугаар сарын 16-18-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товложээ. Харин бүртгэлийг өнөөдрөөс эхлүүлж, ирэх есдүгээр сарын 15-ны 00.00 цагт хаах гэнэ. Бүртгэлийг burtgel.mglbar.mn цахимхуудсаар явуулах аж. Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2015 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд ес дэх удаагаа болох гэж байгаа нь энэ. Сүүлийн таван жилд нийт 6425 эрх зүйч шалгалт өгснөөс 1321 нь тэнцжээ. Тухайлбал, 2022 онд 1228 эрх зүйч шалгуулснаас 371 нь босго давсан байна. Харин өнгөрсөн онд 1323 эрх зүйч шалгалт өгч 203 нь тэнцжээ. Шалгалтад эрх зүйч мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшиж, хоёр жилийн хугацаанд мэргэжлийн дадлага хийсэн хүмүүс оролцох эрхтэй юм. Эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын болон тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлогын шалгалт гэсэн хэлбэрээр зохион байгуулдаг байна.
Ташрамд дурдахад, Монголын хуульчдын холбооноос шалгалтад оролцогчдод зориулан “Хуульчийн мэргэжлийн шалгалтын сорилго”, “Бодлого бодох аргачлалын гарын авлага” номыг эрхлэн гаргадаг бөгөөд ирэх долоо хоногоос олон нийтийн хүртээл болгох аж.
Бэлтгэсэн Ч.Болор