2024 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн "ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ"-ийн хэрэгжилт эхэлнэ. Үүгээр өмнө нь “хойшлуулшгүй” гэх үндэслэлээр сэжигтнийг шууд баривчилдаг байдал зогсож байна.
Одоогоос гурван жилийн өмнө, 2021 онд болсон Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн зөвлөгөөний үеэр бидний зүгээс “Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөж буй” талаар анхлан хөндөж байв. Энэхүү зөрчлийг таслан зогсоож, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байлаа. Мөн хууль хэрэгжүүлэгч албан тушаалтан, цагдаа нарын мэдлэг, хандлагыг сайжруулах нь ч хамгийн чухал, зайлшгүй өөрчлөлтийн нэг байсан.
Үүний дараа, 2022 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын Урилгаар НҮБ-ын дур зоргоор баривчлахаас Урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Ажлын хэсэг Монгол Улсад ажилласан. Эндээс гарсан дүгнэлт нь , “нийт баривчилгааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ хүний үндсэн эрхийг хангахгүй байгаа” талаар гарч, нэн яаралтай засах ёстойг анхааруулсан.
Харин прокурор, мөрдөх байгууллагын зүгээс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа зөвхөн хуулийн хүрээнд явагдаж байгаа, хүний эрхийн ямар нэгэн зөрчил байхгүй гэж мэдэгдэж байв. Мөн ХЗДХ-ын Сайд “хууль эрх зүйн орчин олон улсын гэрээ конвенцод нийцсэн” гэж мэдэгдсэн. Асар эргэлзээтэй энэ мэдээллийг бодитойгоор үнэлэх зорилгоор ХЭҮК-оос шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явуулсан 863 кейс, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаар тусгайлан судалж, дүгнэлт хийсэн.
Тухайн жилийн илтгэлдээ бид хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар “иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад бүх төрлийн баривчилгааг ганцхан шүүх шийдэх ёстой гэсэг зарчимд нийцүүлж засах шаардлагатай” гэсэн агуулгыг тусгаж, холбогдох шийдвэр гаргуулах саналын хамт УИХ-д өргөн барьсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын 35 дугаар тогтоолыг баталсан. Энэ ажил цааш өрнөсөөр өнөөдрийн үр дүнд хүрсэн юм.
Хүний эрхийн Үндэсний Комиссын идэвхтэй хүчин чармайлт, бусад нэр бүхий хүн, байгууллагуудын оролцоотойгоор хүний эрхийг хангах нөхцөл ийнхүү нэг алхам урагшилж чадлаа. Хамтран ажилласан УИХ-ын ажлын хэсэг, ахлагч Ц.Мөнх-Оргил гишүүн асан болон Дэд ажлын хэсэгт орсон байгууллагууддаа талархал илэрхийлье.
Зарим эсэргүүцэл, мэтгэлцээн, багагүй цаг хугацааг туулан өнөөдрийн үр дүнд хүрсэн. Одооноос эхэлж зөвхөн хорих ял оногдуулах гэмт хэрэгтнийг л шүүхийн зөвшөөрлөөр цагдан хорино. Тухайлбал торгох ялтай сэжигтнийг цагдан хорих хуулийн үндэслэлгүй болно.