Өнгөрсөн сарын сүүлчээр болсон бүх Японы улсын аварга шалгаруулах таеквондогийн тэмцээний залуучуудын ангилалд тус улсад амьдардаг Т.Тэмүүлэн хэмээх монгол тамирчин түрүүлжээ. Тэрбээр олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд өмнө нь эл тэмцээний өсвөр насны ангилалд хоёр удаа түрүүлж байсан бол энэ удаа залуучуудынхад алтан медаль хүртсэн байна. Т.Тэмүүлэн Монголд байхдаа “Харцага” клубт харьяалагдан, бэлтгэл сургуулилалтаа хийдэг байжээ. Харин Японд амьдарч эхэлснээсээ хойш “Young Sung” хэмээх клубт элсэн, бэлтгэл хийх болсон аж. Таеквондогийн өсөх ирээдүйтэй тамирчин гэгдэж буй тэрбээр ирэх аравдугаар сард БНСУ-д болох залуучуудын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа гэнэ.
Ташрамд дурдахад, Т.Тэмүүлэнгийн дүү Т.Төгөлдөр ч таеквондогоор тууштай хичээллэж, чамлахааргүй амжилт гаргасан бөгөөд энэ удаагийн тэмцээнд мөн оролцож мөнгөн медаль хүртсэнийг тэдний ээж цахим хуудсандаа бичжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл