Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрынхан манай улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв (WSCC)-тэй хамтран “Төв Азийн нүүдлийн шувуудыг хууль бусаар барих, агнах, наймаалах болон дэд бүтцийн хөгжилтэй холбоотой асуудлууд” сэдэвт олон улсын хурал зохион байгуулжээ. Нүүдлийн шувуудыг хамгаалахад тулгамдаж буй хамгийн том сорилт бэрхшээл нь хууль бус ан агнуур, наймаа гэнэ. Хэдийгээр улс орнууд байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж, хууль эрх зүйн орчныг сайжруулж байгаа ч энэ төрлийн бэрхшээлийн улмаас нүүдлийн шувуудын тоо толгой цөөрөх, амьдрах орчин нь хумигдах, экосистемийн тэнцвэрт байдал алдагдах байдал газар авчээ. Тиймээс Ханнс-Зайделийн сан түншүүд болон холбогдох байгууллагуудтай хамтран Төв Азийн шувуудын нүүдлийн замын сүлжээ (CAF)-г хамгаалахад онцгой анхаарал хандуулж буй аж. Үүний хүрээнд олон улсын хамтын ажиллагаагаа сайжруулж, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор уг хурлыг зохион байгуулжээ. Хуралд Киргиз, Казахстан, Узбекистан, Монгол, Хятад, Энэтхэг улсын судлаач, Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах олон улсын гэрээ, конвенцыг хариуцагч байгууллагын төлөөлөл оролцож, сүүлийн үеийн судалгааны үр дүн, мэдээллээс хуваалцан, туршлага солилцжээ.