"Парис-2024" олимпын наадмын нээлтийг тохиолдуулан дэлхийн хамгийн том төрийн далбааг ууланд дэлгэлээ. Тодруулбал, Үндэсний тусгаар тогтнол, эв найрамдал, цог хийморийн бэлгэдэл бүхий төрийн далбааг 4160 м2 хэмжээгээр монгол оёдолчдын баг ур ухаанаа шингээн, бүтээжээ.
Энэхүү төрийн далбаа нь "Ууланд дэлгэсэн дэлхийн хамгийн том төрийн далбаа" гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоож буй. Ингэснээр эх орноо төлөөлөн эр зориг, тэсвэр хатуужлаа сорих Монголын баг тамирчдадаа монгол ард түмний эв нэгдэл, сүр хүчээр бэлэг барин, олимпын тэнгэрт Монгол Улсынхаа төрийн далбааг өөд өөд нь мандуулахыг бэлгэджээ.