Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын 33 дугаар олимпын нээлтийн ёслол маргааш болно. Тус наадмын нээлтийн өмнөх өдөр (долоодугаар сарын 25-нд) байт харвааны төрөл урьдчилсан чансаа тогтоох харваагаар эхэлж, наймдугаар сарын 4 хүртэл үргэлжлэх юм. Монгол Улсаас Азийн наадмын аварга Б.Отгонболд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ю.Ганзоригийн удирдлагад шилдэг 64 харваачийн чансаа тогтоох харваанд оролцож, энэ сарын 29-нд хасагдах шатанд цэц сорих нь.
Тэрбээр өмнөд хөршид өнгөрсөн жил зохион байгуулсан “Ханжоу-2022” Азийн XIX наадамд хүчтэй өрсөлдөгч болох Японы тамирчин Такахарү Фүрүкава, Тайванийн Тан Чи Чун, эзэн орны Зи Сяньшоуг дараалан хожиж, Парисыг зорих эрх гардсан билээ. Б.Отгонболд 2015 онд дэлхийн цэргийн их наадмаас холимог багийн төрөлд түрүүлж, 2018 онд Азийн цомын тэмцээнээс мөнгө, хүрэл медальтай ирж байв. Тэрбээр “Рио-2016” олимпын эрхээс атгаад алдсан бол “Токио-2020”-д оролцсон юм.