Чойжин ламын сүм музейн урд талбайд байрлах Ямпай хаалгыг засах нэрээр сүйтгэж байгаа талаарх мэдээлэл энэ сарын 21-нээс эхлэн олон нийтийн сүлжээнд тархсан. Тухайлбал, иргэд цахим орчинд “Чойжин ламын музейн нөхөн сэргээлтийг ямар аймшгийн хийсэн юм бэ. Ингэж эрэмдэглэснээс зүгээр орхисон нь дээр биш үү”, “Сэргээн засварлах ч мэргэжилтэн байхгүй юм чинь өөр юу хүлээх вэдээ. Нарийн мэргэжлийн хүмүүсээ бодлогоор бэлтгэж, хангалттай цалин өгч байж л аливаа салбар хөгжинө”, “Гадаадаас авах ажиллах хүчний квотоо эргэж харахгүй бол манай улс хүний нөөцийн дутагдалд орж, энд тэнд ундуй сундуй ажлууд гацсаар л байна” гэх зэргээр шүүмжилсэн байв.
Үүнтэй холбоотойгоор албаны хүнээс тодруулахад Чойжин ламын сүм музейн эрдэм шинжилгээний ажилтан М.Дарханчимэг “Музейд засвар хийж байгаа нь үнэн. Одоогоор хүндэтгэлийн хаалганы дээврийг засах ажил үргэлжилж байна. Уг ажлын гүйцэтгэгчээр “Зэндмэнэ суварга” ХХК-ийнхан ажиллаж байгаа. Засварын ажил хийх шаардлага гарахад Соёлын яамнаас тендер зарладаг. Тендерт шалгарсан, түүх, соёлын дурсгалт газрыг засварладаг тусгай эрхтэй компаниуд ийм ажлыг гүйцэтгэдэг. Ямпай хаалганы тухайд одоогоор сэргээн засах ажил хийгээгүй. Сэргээн засах шаардлагатай байгаа нь үнэн. Дурсгалт барилгын сэргээн засварлалт буюу үл хөдлөх өв сэргээн засварласан баримтуудаас үзвэл Ямпай хаалгыг 1904-1908 онд барьжээ. 1961 онд тоосгон ханан дээр зуурмагийг товойлгох ингэмэл аргаар сэргээсэн. Түүнээс хойш дахин засварлаагүй” гэх тайлбар өгөв.
Бэлтгэсэн Ц.Ану