Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан анхны албан даалгавраа гаргажээ. Эдгээр салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах тухай уг албан даалгаварт тусгасан байна. Үүний хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа агентлаг, байгууллага, аймаг, дүүрэг дэх салбарын удирдлага, албан хаагч, сумын ажилтнуудад хандан, хүүхдийг болзошгүй эрсдэл, ялангуяа үер ус, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг үүрэг болгожээ. Мөн хүүхдийн эрх, аюулгүй байдлыг бүх шатанд хангахыг даалгасан аж. Ялангуяа баяр наадмын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь чухал болохыг онцолжээ.
Түүнчлэн гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд судалгаа, шинжилгээ хийж, цаашид хийх шаардлагатай ажлын зөвлөмж гаргахыг үүрэгдсэн байна. Мөн албан даалгаврын хүрээнд ажлын төлөвлөгөө гаргаж, шаардлагатай зардлыг дараа оны төсөвт тусгуулах санал боловсруулах нь зүйтэй гэжээ. Даалгаврын хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудыг ирэх аравдугаар сарын 1-ний дотор танилцуулахыг харьяа агентлаг, байгууллагын дарга нарт үүрэг болгосон байна.