ХБНГУ дахь Монгол Улсын соёлын элч С.Бадамхорол, Монгол Улсын аялал жуулчлалын элч С.Бадамханд нарын урилгаар Фрайбург хотын нэгдүгээр дарга Ульрих фон Кирхбах албан айлчлалаар манай улсад хүрэлцэн ирээд байна. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдлагууд түүнийг өчигдөр хүлээн авч уулзаж, салбарынхаа өнөөгийн нөхцөл, герман жуулчидтай холбоотой статистик мэдээллийг танилцуулав.
2023 онд Германаас 9273 жуулчин манай оронд иржээ. Энэ нь цар тахлын өмнөх буюу 2019 оны үеийнхээс 25.2 хувиар буурсан үзүүлэлт аж. Фрайбург хотын нэгдүгээр дарга үүнийг маш чамлалттай үзүүлэлт хэмээн онцлоод, Монголыг зорих герман жуулчдын тоог ирэх жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэв. 2024 оноос Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Төлөөлөгчийн газраар дамжуулан Фрайбург хотын иргэдийн аяллыг зохион байгуулах боломжийн талаар талууд санал солилцжээ.