Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давж шөвгөрсөн 32 бөхөөс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр допингийн шинжилгээ авч 13-ны өдөр ХБНГУ-ын Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори болох Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтэд хүргэн өгч, шинжлүүлсэн.
Допингийн шинжилгээнд хамрагдсан 28 бөхийн шинжилгээний хариу (хэвийн илэрцтэй) 07 дугаар сарын 16-ны өдөр, 3 бөхийн шинжилгээний хариу 07 дугаар сарын 18-ны өдөр, 1 бөхийн шинжилгээний хариуг 07 дугаар сарын 22-ны өдөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага болон Үндэсний бөхийн салбар хорооны цахим шуудангаар тус тус хүлээн авлаа.
Мөн оны 07 дугаар сарын 18, 22-ны өдрүүдэд ирсэн шинжилгээний хариугаар аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нараас допингийн төрлийн хориглосон бодис илэрсэн.
Улсын харцага Г.Ганхуягаас хэвийн бус шинжилгээний илэрц тогтоогдсон хариу ирээд байна. Хэвийн бус гэх бодисын илэрцийн зөвшөөрөгдсөн хэмжээ нь жингийн ангилалтай спортын төрөл болон Дэлхийн допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй бөхийн спортын төрөлд зөвшөөрөгддөггүй байна. Харин жингийн ангилалгүй үндэсний бөхийн барилдааны төрөлд зөвшөөрөгдөх эсэх талаар үр дүнгийн удирдлагын багаас Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Дрездены Спортын анализ болон спортын биохимийн институтээс нэмэлт тодруулга хүссэн.
Улсын харцага Г.Ганхуяг, аймгийн арслан Г.Хишигбат, М.Буяндэлгэр, цэргийн арслан Г.Жамбалдорж нартай Дэлхийн допингийн эсрэг дүрэм, Монголын допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх баг олон улсын стандартын дагуу үргэлжлүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: Үндэсний бөхийн салбар хорооны Үр дүнгийн удирдлагын баг