Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод энэ сарын 21-31-нд болж буй Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр тэргүүтэй албаны хүмүүс Монголыг төлөөлөн оролцож байна. Энэхүү хороо нь 1972 оны Соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, улс орнуудаас нэр дэвшүүлсэн хосгүй гайхамшигт үнэ цэн бүхий, яаралтай хамгаалах шаардлагатай өвүүдийг тодорхойлох, бүртгэх, баталгаажуулах асуудлыг нэгдсэн чуулганаараа шийдвэрлэдэг ЮНЕСКО-гийн төрөлжсөн байгууллага юм. 46 дахь удаагийн хурлаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн 27 өвийг хянан хэлэлцэж, өмнө нь баталгаажуулсан 124-ийнх нь хамгаалалтын байдалд үнэлгээ өгөх гэнэ. Монгол Улс Дэлхийн өвийн жагсаалтад Увс нуур, Монгол дагуурын ус, намгархаг газар, Орхоны хөндий зэрэг газрыг бүртгүүлж, гол, нуур бүхий экосистемийн хамгаалалд онцгой анхаарч ирснээ дэлхий дахинд баталгаажуулсны хувьд эл чуулганд онцгой байр суурь, чухал үүрэгтэй оролцдог гэдгийг Усны газрын дарга З.Батбаяр дурдлаа.