Аялал зугаалгын улирал хэдийн эхэлж, орон нутгийн замд зорчигчдын цуваа нэмэгдлээ. Үүнийг дагаад зам, тээврийн осол гарах эрсдэл ч өсөж, жолооч нар илүү хариуцлагатай, сэрэмжтэй байх шаардлага тулгарч байна. Нийслэлтэй тууш болон төмөр замаар холбогдсон Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу саяхан гэр бүлээрээ зорчоод ирлээ. Нэг үеэ бодоход тухайн чиглэлийн зам харгуй харьцангуй сайжирч, саадгүй, аюулгүй зорчих боломж бүрдсэнч хариуцлагагүй жолооч нар эрсдэл учруулсаар байв. Тээврийн хэрэгслээ замын зорчих хэсэгт, хөдөлгөөнд саад учруулахаар байршуулсан аялагчид хаа сайгүй таарах аж. Олонх нь байгальд зураг авхуулахаар, гол ус бараадахаар, настай хүмүүс, бага насны хүүхдүүдээ амраахаар, биеийн чилээгээ гаргахаар зогсдог бололтой юм. Рапсын шар цэцгэн дунд зураг авхуулахаар түгжрэл үүсгэн зогссон, автомашины уртаас урт цуваатай ч таарав. Яг ингэж зогссон тээврийн хэрэгслүүдийн хажуугаар өнгөрөхөд хүмүүс машины урдуур зам хөндлөн гүйлдэх, бага насны хүүхдүүд энд тэндээс гарч ирэх нь элбэг юм билээ. Энэ болгонд сэрэмжтэй, хянуур хандах жолооч нар байхад гэнэ сэрэггүй явж байгаад осол гаргах нь ч бий.
Уг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлагад шахаж, эсхүл явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд зогсохыг зөвшөөрнө” гэж заасан байдаг аж. 5.17 гэсэн кодчилол нь автомашины зогсоол (“P”), 6.12 нь амрах газар, үйлчилгээний байгууллагын тэмдэг юм байна. Олон улс, улс, орон нутаг, нийслэлийн болон тусгай зориулалтын гээд бүх төрлийн авто замын тодорхой хэсгүүдэд ийм тэмдэг байдаг ч хангалттай олон биш гэнэ. Өөрөөр хэлбэл, автомашин байршуулах тусгай зогсоол, амрах зориулалттай газар хүрэлцээгүй гэсэн үг.
Энэ тохиолдолд жолооч нар дээрх дүрмийн дагуу замын хөвөө, зорчих хэсгийн зах, явган хүний замын хашлагад машинаа унуулж зогсоох ёстой. Ямар ч үед зорчих хөдөлгөөнд саад учруулах ёсгүй байх нь. Гэвч бодит байдалд энэ дүрэм ер хэрэгжихгүй байна. Жолооч нар дуртай газартаа тээврийн хэрэгслээ хөндөлсүүлж, замын хөдөлгөөнд оролцогчдод саад учруулах нь түгээмэл. Тэрчлэн олон тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн захад зогсоох тохиолдолд нэг эгнээнд цувуулан байршуулах дүрэмтэй аж. Мөн замын хөвөө, өргөсгөсөн талбайд автомашин зогсоохдоо зорчих хэсэг рүү оруулахгүйгээр, ташуу байрлалаар тавихыг зөвшөөрдөг байна. Үүнийг яг таг мөрдөх нь ч ховор гэнэ.
Тээврийн хэрэгслийг түр болон удаан хугацаагаар зогсоох цэгүүдийг замын хөдөлгөөний дүрэмд ийнхүү заасан ч “Төдөн км тутамд автомашины зогсоол, үйлчилгээний газар байна” хэмээн хатуу чанд хуульчилж, стандартчилсан зохицуулалт байхгүйг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир хэллээ. Тэрбээр “Авто замын дагуух газруудад зориулалтын зогсоол, амрах цэг байгуулах нь тухайн чиглэлд замын төсөл хэрэгжүүлж буй байгууллага, гүйцэтгэгч компанийн төлөвлөлтөөс хамаардаг. Хууль, дүрэмд үүнтэй холбоотой нарийн заалт байхгүй. Байршлын онцлогоос нь хамаараад зарим чиглэлийн замд 40, 100, 200 км тутамд зогсох, амрах цэг байгуулсан байдаг” гэлээ. Зориулалтын бус газарт, зорчих хөдөлгөөнд саад учруулахаар автомашин байршуулснаас болж цөөнгүй осол гардгийг ч тэрбээр хэлсэн юм.
Энэ сэдэвтэй холбоотой нэгэн жишээ дурдахад, баруун бүсийн босоо тэнхлэгийн гэгдэх, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн төвүүдийг холбосон хатуу хучилттай авто замд тээврийн хэрэгсэл түр байршуулах зориулалтын зогсоол буюу өргөсгөсөн талбай олон байдаг юм билээ. 100-200 км яваад л зогсоол, сандал, сүүдрэвч, хогийн сав бүхий түр амрах цэг дайралддаг. Энэ нь тусгаарлагчтай, уужуу зай талбайтай учраас зорчих хөдөлгөөнд саад болно гэх айдас, эрсдэл үгүй. Орон нутгийн иргэд, жолооч нар үүнийг “халаас” хэмээн нэрлэдэг. Нэгэн жолооч “Дэндүү “гялгар”, саадгүй замаар явахад сэтгэл амарч, анхаарал тэр хэрээр сулардаг. Үүрэглэх тохиолдол их. Үүнийг тооцоолсон юм шиг энэ замд зогсоолын талбай гаргасан байна лээ” хэмээн хошигносон юм. Нээрэн л уйтай урт зам туулж буй жолооч нарт түр амралт, завсарлага юу юунаас ч чухал. Зорчигчид ч биеийнхээ чилээг гаргаж, унд цайгаа тухтай уухыг бодно. Яг ийм жишиг байгууламж бусад замд хэрэгтэй байна.
Зогсоол, түр амрах газар угаас хүрэлцээгүй тохиолдолд жолооч нар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эрсдэл үүсгэсээр байх нь дамжиггүй. Дүрмээ мөрдүүлье гэвэл орчин нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Одоогийн нөхцөлд бол ихэнх зам зориулалтын зогсоолгүйгээс жолооч нар нэг суурингаас нөгөөд хүртлээ тэсэх, үгүй бол таарсан газартаа түр амсхийх “дүрэм” баримталж байна. Бүгдийг нь биш юм гэхэд аялал жуулчлалын гол бүс нутаг, ачаалалтай замуудаа эхний ээлжид “халаас”-тай болгох хэрэгтэй. Байгалийн аялал жуулчлалын гол бүс нутаг гэгддэг Сэлэнгэ аймгийн Тужийн нарс руу зорчоод үзээрэй. Өвөл, зуны алинд нь ч үзэсгэлэнт төрхөө гайхуулдаг нарсан ойд зураг авхуулах гэсэн хүмүүс замын зорчих хэсэгт хаа сайгүй зогссон байх вий. Шар цэцгэнд “овоорогсод” ч энд тэндгүй таарна. Түүхэн аялал жуулчлалын гол маршрутад тооцогддог Хамрын хийд, Энергийн төв, Хүслийн хар ууланд хүрэх замд ч ийм “амрагч” өчнөөн таардаг. Осолдсон машин, хар цэгийн тэмдэглэгээ бүхий газар ч таарах нь бий. Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Хэнтийн зам бартаа саад ихтэй, зогсоол, амрах цэг байтугай хөвөө, хашлага ч ховор.
Зам, дэд бүтцийн төлөвлөлтийг сайжруулах нь нэг талаараа эрсдэлийг бууруулах, нөгөөтээгүүр, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэртэй. Тийм ч учраас БОАЖЯ, ЗТХЯ-ныхан “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд аялал жууулчлалын бүс, олон улс, улсын чанартай авто зам дагуух газруудад 200 км тутамд үйлчилгээний цогцолбор, 100 км тутамд түр зогсоол байгуулах санаачилга гаргасан. Гэвч энэхүү ажил удаашралтай байгаа. 2021 оноос хойш ярьсаар энэ жил л байршлуудыг нь тогтоож, холбогдох стандартыг нь баталсан. Ингэхдээ 200-250 км тутамд үйлчилгээний газар байгуулахаар тогтож, 67 байршил сонгосон. Хэрэв үүнийг ажил хэрэг болговол орон нутгийн замд зорчигчид энэ төрлийн эрсдэлээс бага ч болтугай холдоно гэсэн үг.
Авто замын тухай хуулиар тогтоосон авто зам, замын байгууламжийн зураг төсөлд тавигдах шаардлагад “Зорчигчдын эрүүл ахуй, хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчин, түүх, соёлын дурсгалд нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг хангах” гэсэн заалт байдаг аж. Үүнд буй зорчигчдын эрүүл ахуй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зогсоол, түр буудаллах цэг ч чухал нөлөөтэй. Тиймээс авто зам, замын байгууламжийн бүтээн байгуулалт, зураг төсөл хариуцсан байгууллагууд үүнийг хөрсөн дээр буулгахад шат шатандаа анхаарах шаардлагатай.
Солонгосоос жуулчин хүлээж авдаг “Bb tour” компанийн хөтөч Э.Мөнхтулга “Хөдөө, орон нутгаар жуулчидтай явахад хамгийн их тулгамддаг асуудал нь ариун цэврийн байгууламж, авто зогсоолын хүрэлцээ байдаг. Жуулчид ямар маршрутаар явах нь тодорхой болсон үеэс эхлээд тэднийг хаана түр амрааж, бие засуулах вэ гэж тархиа гашилгадаг юм. Манайхан бол (монголчууд) явж байгаад л ядарсан үедээ хаана ч хамаагүй зогсчихдог. Харин гадаадын иргэд зам дээр барагтаа буухгүй. Ялангуяа солонгосчууд хамгийн баталгаатай, аюулгүй үйлчилгээг авахыг боддог хашир хүмүүс. Аюулгүй газарт зогсож, автобус унаа нь гүйцэд байршсаны дараа л буудаг. Сүүлийн үед авто замууд дагуу стандартын бус үйлчилгээ үзүүлдэг хувь хүн, байгууллага олширсон.
Зогсоол, жорлонгийнхоо асуудлыг шийдээгүй байж “Манайхаар үйлчлүүлээч” гэж урьж байна. Ийм газруудад үүссэн бөөгнөрөл замын хөдөлгөөнд их саад учруулдаг. Аялал жуулчлалыг дэмжих нэг гол хөшүүрэг нь хүртээмжтэй дэд бүтэц, чанартай үйлчилгээ” хэмээн байр сууриа хуваалцлаа. Харин жолооч Н.Тамир “Орон нутгийн замд явж буй жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх гэж улайрах, эгнээ, байраа буруу эзлэх, зам хааж зогсох зэрэг нийтлэг зөрчил гаргадаг. Дүрмээрээ бол зогсоолгүй газарт таван минутаас дээш хугацаагаар зогсох хориотой. Зогсоолтой газарт л удаан зогсож болно. Жолооч нар үүнийг тэр бүр мэддэггүй учраас зөрчил гаргадаг. Зам, тээврийн ослын шалтгааныг харахад дутуу нойртой хөдөлгөөнд оролцсоноос болсон эрсдэл нэлээд байдаг. Зориулалтын амрах цэг, зогсоолтой бол жолооч нар нүдний хороо гаргаж, амрах боломж ч бүрдэнэ” гэсэн юм.