“Баян Монгол ресорт”-ыг үүсгэн байгуулагч, Австралийн иргэн Эвалд Жосеф Еркерийг Монгол Улсын аялал жуулчлалын элчээр өргөмжилжээ. Тэрбээр жуулчны баазаараа дамжуулан монгол өв соёл, уламжлал, нүүдэлчдийн аж байдлыг олон улсад сурталчлан таниулах, экспортыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хөрөнгө оруулагчдын нэг аж. Эвалд Жосеф Еркерийн манай улсын аялал жуулчлалын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд байнгын 20 гаруй ажлын байр бий болж, тухайн бүс нутгийн иргэд, малчид мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээ жуулчны баазад тогтмол нийлүүлэх боломж бүрдэн, өрхийн орлого нь нэмэгдсэн гэнэ. Түүнчлэн “Баян Монгол ресорт”-ын ойр орчмын айлууд цахилгаан эрчим хүчээр хангагдаж өдөр тутмын үйл ажиллагаагаа хөнгөвчлөх, өрхийн бизнес эрхлэх боломж нээгдсэн байна.
Бэлтгэсэн Н.Мишээл