Төрийн албан хаагчид буюу нийтийн албанд сонгогдсон, томилогдсон хүмүүс жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор өмнөх жилийнхээ хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг гаргадаг. Үүнийг нь АТГ-ынхан нэгтгэн Мэдүүлгийн ил тод байдлын цахим системд нээлттэй байршуулдаг билээ. Тэгвэл 2023 оны ХАСХОМ-ийг тус системд нэгтгэн оруулжээ. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 14.1-т “Дараах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны хоёрдугаар улиралд багтаан цахим мэдээллийн сүлжээнд байршуулна”, 14.3-т “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн хөрөнгө, орлогын сүүлийн таван жилийн мэдүүлэг АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд тавигдах ба иргэд мэдээлэл авах боломжийг хангана” гэж заасны дагуу мэдүүлгээ шинэчлэн гаргасан 47.2 мянган албан тушаалтны 2023 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим системд уламжлал ёсоор нээлттэй байршууллаа. Эл мэдүүлгийг хэн ч үзэж болох бөгөөд үнэн, зөвөөр бүртгүүлсэн, эсэхийг хянаж, АТГ-т мэдээлэл гаргах боломжтой юм.