Тайландын Бангкок хотод зохион байгуулсан жиү жицүгийн дэлхийн чансааны оноо олгох “Thailand grand prix-2024” тэмцээнд Монголын тамирчид оролцлоо. Тэднээс насанд хүрэгчдийн 94 кг-ын жинд “JET sharing Mongolia” клубийн тамирчин Г.Гантулга аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Кусайнов Рамазаныг буулган авч түрүүлэв. Түүний алтан медалийн буухиаг үргэлжлүүлж мастерс ангиллын 69 кг-д “Оюутолгой” компанийн ажилтан, “Ханбогд miners” академийн тамирчин Л.Болд аваргаар тодров. Эмэгтэйчүүдээс 57 кг-д Г.Монголжин (“Гаруда” академи) мөнгө, 70 кг-д О.Мөнхжаргал (МУБИС-ийн оюутан, “Jump” академи) хүрэл медаль хүртжээ. Дээрх тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд манайхаас олон улсын А зэрэглэлийн шүүгч Т.Мөнх ажилласан байна.