Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр эрхлэн гаргадаг, жендерийн тэгш байдлын үзүүлэлтээр манай улс энэ жил 146 орноос 85 дугаарт эрэмбэлэгдлээ. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад таван байраар ухарсан дүн юм.
Энэхүү үзүүлэлтийг эдийн засгийн оролцоо ба боломж, боловсрол эзэмших байдал, эрүүл мэнд ба амьдрах чадвар, улс төрийн оролцоо гэсэн үндсэн дөрвөн шалгуураар тодорхойлдог. Манай улс эдийн засгийн оролцоо ба боломж шалгуураар 43-т бичигдсэн аж. Боловсрол эзэмших болон эрүүл мэнд ба амьдрах чадварын шалгуураар нэгдүгээрт жагсжээ. Харин улс төрийн оролцоогоор 120 дугаарт эрэмбэлэгдэв. Манай улсад боловсрол, эрүүл мэнд болон бизнесийн салбарт хүйсийн харьцаа харьцангуй тэгш, зарим талаар эмэгтэйчүүдийн оролцоо илүү. Харин улс төрийн буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо маш бага байдаг нь манай орны үзүүлэлтийг хойш татжээ. Жендерийн тэгш байдлын үзүүлэлтээр Исланд улс тэргүүлсэн бол 146 дугаарт Судан жагсаж, сүүл мушгижээ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн