Зэвсэгт хүчний ууган хорооны нэг, 103 жилийн түүхт Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн шинэ штабын барилгын шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Алдар түүх, амжилт бүтээлээрээ тэргүүлэгч танкийн тусгай хороонд шинэ штабын барилгын шав тавих ёслолын ажиллагаанд Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн Удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа А.Нямхүү, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагч хурандаа М.Дэлгэрсайхан тэргүүтэй албаныхан оролцсон юм. Мөн штабын барилгын ажлыг гүйцэтгэх Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн барилгачин дайчид хүрэлцэн ирж оролцсноороо онцлог байв.
Шав тавих ёслолын эхэнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал тус ангийн үйл ажиллагааг бэхжүүлэх, албаны орчин нөцөлийг дээшлүүлэх зорилгоор 2017 онд Соёлын төв, 2019 онд Цэргийн гал тогооны барилгыг барьж ашиглалтад оруулсан бол өнөөдөр гурван давхар бүхий штабын барилгыг барихаар болсоныг тодотгов. Аливаа байгууллагын амжилт, хөдөлмөрийн бүтээмж, үр дүн нь хүний хүчин зүйлээс гадна ажлын орчин нөхцөл, нийгмийн хамгааллаас хамаарч байдгийг дурдаж, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд энэ талд онцгой анхаарч байгаад талархаж буйгаа илэрхийллээ. Тэрээр энэ өдөр Зэвсэгт хүчний 256 дугаар ангид штабын барилга, Зэвсэгт хүчний 186 дугаар ангид албан тушаалын орон сууцны барилгын шав тавих ёслолыг зэрэг зохион байгуулж байгааг ч дурдсан юм.
Тус ангийн захирагч хурандаа М.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ “Бие бүрэлдэхүүний дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх, цэргийн сургалт бэлтгэл, ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлэхээр өнөөдөр штабын барилгын шав тавьж буй явдалд анги, хамт олныхоо нэрийн өмнөөс Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалдаа чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Мөн Зэвсэгт хүчний үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмждэг орон нутгийн удирдлага, барилгын ажил гүйцэтгэхээр эгнэн жагссан, хэзээд нэг л хамт олон шиг хамтран зүтгэж, орон нутагтаа батлан хамгаалах салбарыг сурталчилж яваа Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн барилгачин дайчдадаа баярлалаа” гэсэн юм.
Эх сурвалж: Хошууч Л.АМАРБАЯСГАЛАН