УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даагч 1245 хүнийг бүртгээд буй. Мөн СЕХ өчигдөр хуралдаж, бичиг баримтын зөрчлөө арилгаж, материалаа дахин хүргүүлсэн 104 хүнийг бүртгэх, эсэхийг хэлэлцэв. Улмаар хуульд заасан шаардлага хангасан 92 хүнийг нэмж бүртгэн, нийт 1336 нэр дэвшигчид үнэмлэх олгохоор боллоо.
Ирэх даваа гарагт нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Хамгийн олон өрсөлдөгчтэй болж буй уг сонгуульд нэр дэвшигчдийн дунд сэтгүүлчид, хөтлөгчид цөөнгүй багтжээ. Сэтгүүлчид харьцангуй олны нүдэнд ил, ялангуяа телевизийн сэтгүүлчид олонд илүү танигддаг.
Монгол Улсын иргэн, эрүүл саруул ухаантай, 25 наснаас дээш, ял шийтгэлгүй хэн бүхэн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй. Парламент бол бүх салбарт мөрдөх хуулийг “үйлдвэрлэж”, төрийн гадаад, дотоод бодлогын үндсийг “соёолуулдаг” газар. Тиймээс ямар ч салбар, мэргэжлийн хүн орж, тухайн чиглэлээр өөрчлөлт хийхэд нөлөөлж чадна.
Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд төр засгийн алдаатай бодлогыг засаж залруулахад нь нөлөөлөх дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэдэг. Үүгээрээ олны танил болдог бусад мэргэжлээс ялгаатай. Мөн нийгэм, эдийн засаг, улс төр, урлаг гээд бүхий л салбарын мэдээллийг түгээж, соён гэгээрүүлж, засаж залруулахын төлөө цаг наргүй ажилладаг. Энэ үндсэн үүргээ мартахгүй ажиллаж чадвал нэр дэвшиж буй сэтгүүлчид улс төрд тодорхой өөрчлөлт хийж чадна. Гэхдээ намын эрх ашгийн төлөө үйлчилж, товчлуур дарагч болчихвол одоогийн “хэлгүй” сэтгүүлч гишүүдийнхээ нэг болж хувирна.
Сэтгүүл зүйгээс улс төр лүү шилжсэн хүмүүсийг нэрлэвэл урт жагсаалт болдог. Бүрэн эрхээ дуусгаж буй одоогийн парламентад ч хэвлэл мэдээллийн салбарт данстай хүн цөөнгүй. Гэвч тэд түүчээлэгч, үнэний дуу хоолой болох үүргээ тэнд гүйцэтгэж чадсан уу.
ТАВАН ГИШҮҮН, НЭГ ДЭД САЙД
МАН-аас гаргасан албан ёсны статистикт 126 нэр дэвшигчийн дунд сэтгүүлч мэргэжилтэй, хэвлэл мэдээллийн салбарт данстай найман хүн бий гэжээ. Гэхдээ уг салбарт хамааралтай хүмүүсийг нэмбэл үүнээс олон болж байна. Тэдний дотор хоёр УИХ-ын гишүүн, нэг дэд сайд бий. Харин бусад нь улс төрийн өндөр албан тушаал хашиж яваагүй, шинэ хүн гэж болохоор аж. Одоогийн парламентад манай салбарыг төлөөлж буй гишүүн М.Оюунчимэг хоёр удаа сонгогдсон. Эдүгээ гурав дахь удаагаа Чингэлтэй, Сүхбаатарын 10 дугаар тойрогт горилж байгаа юм. Тэрбээр МҮОНТ-д эдийн засгийн голдуу мэдээ, тойм бэлтгэдэг сайн сэтгүүлч байв. Харамсалтай нь, сайн сэтгүүлч бүр сайн улс төрч болдоггүйн жишээг л тэрбээр өнгөрсөн найман жилд баталлаа. Буруу, болчимгүй үг хэлж, үйлдэл гаргаад түүндээ ороогдон, шүүмжлүүлэхээс хэтэрсэнгүй. Удаах сэтгүүлч гишүүн нь Г.Мөнхцэцэг. “Засгийн газрын мэдээ” сонины сурвалжлагчаар ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр мөн л хоёр дахь бүрэн эрхээ дуусгаж байгаа юм.
Яруу найрагч гэдгээрээ илүү танигдсан энэ бүсгүйн дуу хоолой өнгөрсөн жилүүдэд бараг сонсогдсонгүй, намынхаа товчлуурыг дарах л үүрэг гүйцэтгэв бололтой. Тэрбээр говийн бүсэд дахин нэр дэвшжээ. Манай салбарын төлөөлөл болж буй гурав дахь гишүүн бол “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчийн дүрээр олон нийтэд танигдаж, улмаар 2020 онд Сонгинохайрхан дүүргээс гишүүнээр сонгогдсон П.Анужин. Тэрбээр энэ удаа тойргоо сольж, зүүн бүсийн зургаадугаар тойрог руу “нүүгээд” байна. Сонгинохайрхан дүүргээс сонгогдоод хийсэн тоймтой ажил байхгүй тул буцаж очихоос “ичсэн” биз ээ. Эмэгтэй гишүүдэд голдуу оноодог Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар улиран ажилласнаас өөрөөр тэрбээр “хэлгүй” суусаар бүрэн эрхээ дуусгаж байна. Гишүүн болсныхоо дараахан УИХ-ын гишүүдийн хүндэтгэлийн хувцасны хээг хуульчлах тухай санаачилга гаргаад, олон нийтэд “загнуулсан”-аас өөр тоймтой юм хийсэн гэж үү.
Арай нэр хүнд сайтай ажиллаж буй нь Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан л болж байна. Тэрбээр “Монцамэ” агентлаг, “Ил товчоо” сонинд ажиллаж байсан, сэтгүүлч гэдэг ангилалд хамаарах хүмүүсийн нэг юм. Боловсролын багц хуулийг батлуулж, цэцэрлэгийн сугалаа хэмээх ардчиллын зарчмыг зөрчсөн шийдлийг цуцлахад нөлөөлсөн хэмээн түүнд хүмүүс ам сайтай байдаг. Тэрбээр Хөвсгөл, Булган, Орхоны дөрөвдүгээр тойрогт нэр дэвшиж байна. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан эл жагсаалтыг үргэлжлүүлнэ. Тэрбээр “Хэвлэлийн хүрээлэн”-г сэтгүүлчээр дүүргэсэн, МҮОНТ-ийн “Өглөө” хөтөлбөрт хөтлөгч, редактороор ажиллаж байсан юм билээ. Парламентад нэг удаа сонгогдсон, эдүгээ дахин хүч үзэхээр хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховдод өрсөлдөхөөр болжээ.
БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр ТВ5 телевизийн хөтлөгчийн хувиар олон нийтэд танигдсан юм. Эдийн засагч мэргэжилтэй ч телевизтэй амьдралаа холбосон тэрбээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан туршлагатай. “Дөрөв дэх засаглал”, “Ы бямба гараг” зэрэг сониныг эрхлэн гаргаж, өдөр тутмын “Өглөөний сонин”-ы эрхлэгч, 2017-2020 онд МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Л.Нинжжамц сонгуулийн 13 дугаар тойрог болох Хан-Уул дүүрэгт нэр дэвшжээ. Философич, эрх зүйч мэргэжилтэй энэ бүсгүй эдүгээ УИХ-ын даргын ажлын албаны зөвлөхөөр ажилладаг. Мөн жагсаалтын сүүлд “Өдрийн шуудан” сонины эрхлэгч, УИХ-ын Хэвлэлийн албаны дарга асан Б.Оюун-Эрдэнийг оруулсан байна.
Тэдний араас 1980-аад оны сэтгүүлч залуус орж ирж байна. ТМ телевизийн сэтгүүлч, хөтлөгч, парламентын сурвалжлагч байсан, одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр говийн долоодугаар тойрогт нэр дэвшсэн. Мөн “25 дугаар суваг” телевизийн захирал З.Алтайн охин, сэтгүүлч А.Энхзул жагсаалтын 36, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа 38-д бичигджээ.
АН-ЫН СЭТГҮҮЛЧИД
Тэд зургаан сэтгүүлч нэр дэвшүүлсэн байна. Үүнээс олон нийтэд хамгийн их танигдсан нь “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан, “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу нар. Хэдийгээр хэвлэл мэдээллийн салбараас төрсөн өмнөх улс төрчид нь нэр хүнд муутай яваа ч сэтгүүлчдэд тавих итгэл найдвар алдраагүй хэвээр байгаа юм. Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Ч.Лодойсамбуу хандивын дансаа олон нийтэд зарламагц 30 минутын дотор иргэд, хуулийн этгээдээс 732 сая төгрөг цугласан нь үүний баталгаа. Түүнийг нэлээд эрэмгий, шударга ажиллаж, буруу булхайд нүд хурц байх болов уу хэмээн найдаж буй нь тэр. Говийн бүсэд нэр дэвшиж буй сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд бол олон нийтийн хандлага янз бүр байна. Түүнийг экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн, түүний “хүүхэлдэй” хэмээн үзэж дургүйцэх хүн ч цөөнгүй гарч буй.
Тус намаас өрсөлдөж буй, телевизээс гаралтай өөр нэг сэтгүүлч бол эдүгээ нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа. Тэрбээр жагсаалтын наймдугаарт орсон байгаа юм. Мөн NTV телевизийн захирал асан А.Ганбаатар 15, сэтгүүлч Х.Оюунчулуун 20 дугаарт бичигдсэн байна. Х.Оюунчулуун нь сэтгүүлч мэргэжилтэй ч АН-ын аппаратад голдуу ажилласан, эдүгээ Дотоод сонгуулийн хорооныхоо даргыг хийдэг эмэгтэй аж.
ШИНЭ НЭГДСЭН ЭВСЛИЙНХЭН “ЗА” ГЭЖ ХЭЛЖЭЭ
ШИНЭ нам, МУНН-ын хамтарсан Шинэ нэгдсэн эвслийн удирдлагууд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынханд “За” гэж хэлсэн гурав дахь хүчин болжээ. Тус эвслээс жагсаалтаар 40, тойрогт 55, нийт 95 хүн нэр дэвшүүлсэн юм. Эдний 10 орчим нь сэтгүүлч мэргэжилтэй байна. Тухайлбал, жагсаалтын дөрөвдүгээрт сэтгүүлч Б.Отгоныг бичжээ. Тэрбээр ТВ9 телевизэд ажиллаж байсан, байгаль орчны салбар дахь буруу булхай бодлого, шийдвэрийг илчилж, шүүмжилсэн нэвтрүүлгүүд голдуу хийдэг сэтгүүлч. Мөн ТВ8 телевизэд байсан Т.Цолмонбаяр хоёр, Монголын радиогийн сэтгүүлч Н.Самат гурав, “Зэвүүн яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Т.Оргилмөнх найм, “Үнэн”, “Зууны мэдээ” зэрэг сонинд ажиллаж явсан Т.Ойлоо-Цоож ес, “Одод” телевизийн захирал Ц.Тамир арванхоёрдугаар тойрогт тус тус нэр дэвшсэн аж.
Үүнээс гадна гуравдагч хүчний зарим намаас ч сэтгүүлчид мэр сэр өрсөлдөж байна. Гэвч сонгуульд оролцож буй бүх нам нэр дэвшигчдээ дэлгэрэнгүй танилцуулаагүй, олон нийтэд мэдээлээгүй учраас нэгдсэн тоо гаргах боломж алга. Мэдээллээ дэлгэрэнгүй танилцуулсан МАН, АН, Үндэсний болон Шинэ нэгдсэн эвслийн нэр дэвшигчдээс шүүхэд иймэрхүү дүр зураг гарч байна. Уг сонгуульд бүрэн ирцтэй оролцож буй ХҮН намынхан харин хэвлэл мэдээллийн салбараас хүн сойгоогүй аж. Тус намын нэр дэвшигчдийн дунд олны танилуудаас загвар өмсөгч, зураач зэрэг урлагийн салбарын төлөөлөл л багтжээ. МАН, АН-ын сэтгүүлч нэр дэвшигч дотор эмэгтэйчүүд голлож буй бол Шинэ нэгдсэн эвсэлд нэг л эмэгтэй байна.
Нам, эвслүүдээс олны танил хүмүүсийг түлхүү нэр дэвшүүлсэн нь тойргийн зохион байгуулалттай холбоотой. 3-4 аймгийг нийлүүлж бүсчилсэн, мөн сурталчилгааны хоног багассан тул хэдийн танигдсан улс төрчид, нэр дэвшигчдэд сонгогдох боломж илүү олдож буй. Тиймээс л нам, эвслүүд олонд танигдсан сэтгүүлч, хөтлөгч, жүжигчин, тамирчдын төлөөллийг багтаажээ. 126 гишүүн сонгох уг сонгуульд хамгийн олон хүн өрсөлдөж буйн хэрээр хэвлэл мэдээллийн салбарынхны төлөөлөл ч өмнөхөөсөө нэмэгдсэн байгаа юм.
Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд төр засгийн алдаатай бодлогыг засаж залруулахад нь нөлөөлөх дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэдэг. Үүгээрээ олны танил болдог бусад мэргэжлээс ялгаатай. Мөн нийгэм, эдийн засаг, улс төр, урлаг гээд бүхий л салбарын мэдээллийг түгээж, соён гэгээрүүлж, засаж залруулахын төлөө цаг наргүй ажилладаг. Энэ үндсэн үүргээ мартахгүй ажиллаж чадвал нэр дэвшиж буй сэтгүүлчид улс төрд тодорхой өөрчлөлт хийж чадна. Гэхдээ намын эрх ашгийн төлөө үйлчилж, товчлуур дарагч болчихвол одоогийн “хэлгүй” сэтгүүлч гишүүдийнхээ нэг болж хувирна. Нийгмийн дуу хоолой болж, идэвхтэй ажиллаасай гэж л олны танил сэтгүүлч, хөтлөгчдийг иргэд сонгодгийг мартах учиргүй. Уг нь эл салбараас улс төрд орсон хүмүүс дотроос Төрийн тэргүүн ч “мэндэлсэн” түүх бий. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлч мэргэжилтэйг бид мэднэ. Тэгэхээр “Эсгий хийх газар нохой хэрэггүй, бүх хүн салбар салбартаа л чаддаг ажлаа хий” гэдэг шүүмжлэл өрөөсгөл юм. Намдаа уусаж, эрх ашиг, албан тушаалд дурлахгүй ажиллах хүн эдгээр нэр дэвшигч дотроос төрөх, эсэхийг харж байя.