Зэвсэгт хүчний Хуурай замын командлалаас Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн шилдэг хугацаат цэргийн алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч-2024" шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 3-ны өдөр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Засвар хангалтын төвд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд 20 гаруй байгууллагын 40 гаруй хугацаат албаны дайчид цэргийн хэргийн онолын мэдлэг, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин, нормативын бэлтгэл, буудлага зэрэг 8 төрлөөр өрсөлдөж, аваргуудаа тодруулав.
Тэмцээний хаалтын ёслолд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, ХЗЦК-ын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий, ХХЕГ-ын Цэргийн албаны хэлтсийн дарга дэд хурандаа Х.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй албаныхан оролцож, шилдэг дайчдын шагналыг гардуулж, баяр хүргэсэн юм.
"Цэргийн мэргэжлийн аварга түрүүч"-ийн төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн дэд түрүүч М.Мөнхбаяр, дэд байрт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн дэд түрүүч О.Баянбаатар, гутгаар байрт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн дэд түрүүч Ц.Азбаяр нар шалгарч, бусдыгаа манлайлав.
"Цэргийн мэргэжлийн аварга байлдагч"-ийн төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 256 дугаар байлдагч Ж.Отгонбаяр, дэд байрт Хилийн цэргийн 0252 дугаар ангийн байлдагч А.Пүрэвдаваа, гутгаар байрт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн байлдагч А.Алтанбагана нар нар тодорч, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
Мөн буудлага, биеийн тамирын болон бусад нормативуудыг амжилттай гүйцэтгэсэн хугацаат цэргийн алба хаагчдыг "Онц буудагч", "Тамирчин дайчин", "Онц сурлагатан" медалиар шагнаж, урамшуулав.
“Онц сурлагатан” медалиар байлдагч А.Пүрэвдаваа (Хилийн цэргийн 0252), байлдагч С.Луухүү (336), “Онц буудагч” медалиар байлдагч Ж.Отгонбаяр (256), байлдагч Б.Батням (016), “Тамирчин дайчин” медалиар дэд түрүүч М.Мөнхбаяр (016), дэд түрүүч О.Баянбаатар (256) нар шагнагдсан юм.
Шагнагдсан дайчдад бригадын генерал Ч.Цогтжаргал баяр хүргээд цэргийн албаа хааж буйгаар нь бахархаж буйгаа дурдлаа. Цэргийн алба хаасан болон хаагаагүй залуус асар их ялгаатай. Хандлага харилцаа, сэтгэлгээ, бие даах чадвар, төлөвлөлт, зохион байгуулалт, тэсвэр хатуужил, нөхөрлөл, итгэл даах байдал гээд олон зүйлээрээ ялгарч, торойж харагддаг. Ард түмэн ч ингэж дүгнэж, үнэлдэг билээ гэж тэрээр тодотгоод дайчдаа бэлтгэн оролцуулсан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд, Хилийн цэрэг болон Дотоодын цэргийн штабын удирдлагад талархал дэвшүүллээ.