ОХУ-ын Тувад болсон чөлөөт бөхийн Төв Ази, бүх Оросын III тэмцээнд манай эрэгтэй тамирчид хүч сорив. Тэднээс 57 кг-ын жинд Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө Тува улсын тамирчин Айслан Монгуш, 65 кг-д Н.Ганбаяр хойд хөршийн Кежик Чимбаг Кызыл хотын дэвжээнд буулган авч аварга боллоо. 79 кг-ын жинд зодоглосон бөхчүүдээс Я.Ерөөлт өрсөлдөгчөө ялж, хүрэл медаль гардсан юм.
Ташрамд дуулгахад, “Аваргууд” баазад нэгдсэн цугларалтад гарсан өсвөр үе, залуучуудын шигшээ багийнхны бэлтгэл сургуулилалттай Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Н.Батсайхан, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр нарын албаны хүмүүс танилцжээ. Уулзалтын үеэр Гавьяат тамирчин Б.Наранбаатар Азийн АШТ-д өрсөлдөх тамирчдад “Nike” брэндийн өмсгөл, өөрийн амжилтын тухай бичсэн “Намбаа” номоо гардуулж, олон улсын шүүгч Б.Алтангадас дүрмийн практик сургалт хийв. Гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Д.Гомбодорж нарын 10 гаруй дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийж буй 80 орчим тамирчны 40 нь УАШТ-д цөөнгүй түрүүлжээ.