Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү, өдгөө тус аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж буй, өмнө нь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга байсан, дэд хурандаа С.Батжаргал, “Эко петролиум” ХХК-ийн захирал Г.Баттулга нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх өмгөөлөгч нарынх нь гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэх, эсэхийг хянасан юм. Улмаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэснээр Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хянаж, гэм буруутай, эсэхийг нь тогтоохоор болж байна.
Анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг 2023 оны арванхоёрдугаар сарын 14-нд хэлэлцэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах захирамж гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Ингэхдээ Засаг дарга асан Ш.Оргилыг гэрчээр асуух, нотлох баримт нэмж цуглуулах ёстой хэмээн прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан юм. Үүнийг нь давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон аж. Өөрөөр хэлбэл, хэргийг шалгах явцад Ш.Оргилоос мэдүүлэг авчихсан, дэрвэгэр жиргэрүүг худалдан борлуулах асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэлүүдийг хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжүүлэн авсан байхад буцаах захирамж гаргасан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хэмээн давж заалдах шатны шүүх дүгнэсэн юм.
Дээр нэр дурдсан албан тушаалтнууд улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг “Эко петролиум” ХХК-д давуу байдал олгон худалдсан хэрэгт холбогдсон билээ. Тодруулбал, “Эко петролиум” ХХК тухайн ургамлыг худалдан авах үнийн санал ирүүлээгүй байхад 2018 оны хоёрдугаар сарын 2-нд хууль бусаар шалгаруулж, тус аж ахуйн нэгжийн удирдлагад давуу байдал бий болгосон байдаг. Уг нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны долоодугаар сарын 9-ний А-282 дугаартай тушаалын хавсралтаар дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг нэг кг-ыг нь 50 000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл дээрх хүмүүс тус компанид нэг кг-ыг нь 10 000 төгрөгөөр тооцон 4500 кг дэрвэгэр жиргэрүүг борлуулж, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх ёстой 225 сая төгрөгийг оруулалгүй, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм.
Өөрөөр хэлбэл, Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүү нар ажилтнуудынхаа хураасан дэрвэгэр жиргэрүүг хуулийн дагуу шийдвэрлэх ажлын хэсгийн гишүүн, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Батжаргал нарт нөлөөлж, дээрх компанийг тендерт шалгаруулсан байдаг. А.Энхбат, Ж.Отгонхүү, С.Батжаргал, Г.Баттулга нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны есдүгээр сард шилжүүлсэн юм.