Үндэсний бөхийн “Алтан цом”-ын төлөөх барилдааны хагас шигшээд Архангай аймгийнхан Өвөрхангайн бөхчүүдийг 15:10-аар яллаа. Ингэснээр Архангайнхан “Алтан цом”-ын төлөө барилдах эрх өвөртлөв. Тэднээс улсын харцага Б.Зоригтбаатар, С.Сүхбат нар тус бүр дөрөв, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ гурав, аймгийн арслан Э.Мөнхжаргал хоёр давсан. Цэргийн заан Ө.Батсуурь III тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва хоёр давснаар тус баг нийт 15 даваа авав. Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг нар ажиллажээ.
Тэгвэл Ховдын бөхчүүд Говьсүмбэр аймгийнхантай учраа тааран 19:6-гаар буулган авч, мөн “Алтан цом”-ын төлөө барилдах эрхтэй болов. Тус аймгийн багийнхнаас улсын аварга О.Хангай тав, улсын заан Б.Пүрэвсайхан хоёр давж, IV тойргоос сэлгээнд суув. Түүний оронд барилдсан аймгийн арслан Ц.Төмөрцоож нэг, улсын заан Б.Бат-Өлзий дөрөв, улсын харцага Г.Ганхуяг хоёр давж, мөн III тойргоос сэлгээнд сууж, оронд нь хүч үзсэн аймгийн арслан У.Батцоож хоёр, М.Баяржавхлан гурав, багаараа нийт 19 даваа авсан юм. Тэднийг улсын харцага Г.Алтангэрэл дасгалжуулж, дээрх тэмцээнд сойсон аж.
Ялсан багийнхан “Алтан цом”, ялагдсан нь хүрэл медалийн төлөө энэ сарын 25-нд зодоглох нь.